Цэцэрлэгийн багшийн үнэлэмжийг сайжруулахад дорвитой анхаарахгүй бол манай улсын сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд асар том доголдол, хоосон орон зай гарч мэдэхээр байна. Бид сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хүртээмж, багшлах боловсон хүчний асуудлыг ул суурьтай хөндөж буй. Үүнтэй холбоотойгоор тодорхой шийдвэрүүд ч гаргасан, ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүд ч бий. Гэтэл нөхцөл байдал дээрдсэн зүйлгүй, бахь байдгаараа. Сургуулиуд хүний нөөцөө бүрдүүлэх, сул орон тоогоо нөхөх гэж дор бүрнээ мачийсан хэвээр. Хичээлийн шинэ жил эхлээд хагас сар орчмын хугацаа өнгөрсөн ч багш ажилд авах тухай зар энд тэндгүй хөвөрсөөр. Үүнийг дагаад сургалтын чанарын асуудал ч хурцаар хөндөгдөх болов. Тэгвэл яг ийм явдал сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт ч тулгамдаж байна. Харамсалтай нь, үүнийг ерөнхий боловсролын сургуулиудынхтай ижил хэмжээнд авч хэлэлцэхгүй, тоохгүй өнгөрөөсөөр бүр дордуулах шинжтэй.
...Хууль, журмаараа болих, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүнийг цэцэрлэгт үндсэн багшаар ажиллуулах учиртай. Харин туслах багшид тавьдаг гол шалгуур нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 18 кредитийн буюу 20-30 хоногийн чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. Гэвч өдгөө ажиллах хүчний хомсдол нүүрлэснээс эл шалгуур босгыг чинээнд нь тултал намсгаад байна...
СУЛ ОРОН ТОО 500-ГААР ТОГТОХГҮЙ
“Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 1400 гаруй байгууллага 11 мянга орчим багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн” гэж БШУЯ-наас мэдээллээ. Эдгээрт дунджаар 500 орчим багшийн сул орон тоо буй гэж хэлэв. Гэвч энэ нь есдүгээр сарын 1-нээс суралцагчдаа хүлээж авсан, яг одоо ажиллаж буй цэцэрлэгүүдэд л хамаатай статистик юм байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд шинээр барьсан ч шаардлагатай тавилга хэрэгслээр хангаагүй, тохижилтыг нь хийгээгүй, багш, ажилтангүйн улмаас өдгөө хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй цэцэрлэг нийслэлд цөөнгүй. Хачирхалтай нь, эдгээрт хүүхэд багачуудыг хуваарилж, бүртгэн, “Аравдугаар сарын дунд үеэс, арванхоёрдугаар сарын хагасаас үүдээ нээнэ” хэмээн хүлээлт үүсгээд буй юм. Тэрчлэн цэцэрлэгүүд үндсэн болон туслах багшийн орон тоонд мэргэжлийн бус хүмүүс, их, дээд сургуульд энэ чиглэлээр суралцдаг оюутнуудыг ажиллуулж байгаа тохиолдол ч олон. Тэгэхээр БШУЯ-наас өгсөн 500 гэдэг тоо мөсөн уулын орой төдий үзүүлэлт байх магадлал өндөр.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад нүүрлэсэн хүний нөөцийн энэ хямралыг бодлого, шийдвэр гаргах түвшний байгууллагууд, албан тушаалтнууд ил тод мэдээлэхийг хүсдэггүй бололтой. Боловсролын ерөнхий газрын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэнд “Яг одоо хэчнээн багш дутагдалтай байгаа, ирээдүйд энэ тоо хэд болж өсөх төлөвтэй, үүний дагуу ямар арга хэмжээ авч буй вэ” гэсэн асуулт тавихад “Та нар үүнийг мэдээд яах вэ. Нийгэмд сенсац үүсгэх гээ юү. Ямар зорилгоор, юунд ашиглах гэж үүнийг асуув” хэмээн шалгааж, баахан загнав. Ийнхүү уцаарлаж, төвөгшөөсний эцэст “Орон нутагт нөхцөл байдал харьцангуй гайгүй. Нийслэлд, ялангуяа хүн ам олонтой дүүргүүдэд үнэхээр хүндрэлтэй байна” хэмээн үнэнийг хүлээсэн юм. Мөн “Хүний нөөцийн асуудлыг шийдэхийн тулд багш мэргэжлээр суралцаж буй IV дамжааны оюутнуудыг дадлагажуулах байдлаар ажиллуулж эхэлсэн. МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн 88 оюутнаас 80 хувийг нь ажлын байрт гаргалаа. Багш мэргэжилтэн бэлтгэдэг хувийн сургуулиудад төгсөх дамжааны 20-иодхон оюутан байна. Тэднийг ч мөн цэцэрлэгүүдэд ажиллуулахаар санал хүсэлт тавилаа. Түүнчлэн туслах багшаас үндсэн рүү шилжих хүсэлтэй хүмүүсийг дэмжих, ажиллангаа суралцах боломжоор хангах чиглэлд анхаарч эхэлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор салбар, бүлэг нэмж байгуулах, барилга, байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн ашиглах бодлого барьж буй учир багшийн эрэлт хэрэгцээ цаашид улам өснө” гэсэн юм.
БОСГОО НАМСГАВ
Багш болох хүсэл сонирхлыг нь харгалзан мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулах, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дайчлах гэдэг бол үндсэндээ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа, үр дүнтэй арга биш. Ердөө босго, шаардлагыг нь намсгах замаар цөөн хэдэн цэцэрлэгийг хүний нөөцөөр хангах гэсэн гал унтраах төдий арга хэмжээ юм. Цэцэрлэгийн багшаар суралцах хүний тоо жилээс жилд цөөрч буй. Төрөөс сургалтын зээл, тэтгэлэг амлаад ч нэмэр болсонгүй. Улсаас сургалтын төлбөрийг нь даах шийдвэр ч гавьтай өөрчлөлт дагуулахгүй л болов уу. МУБИС-ийг цэцэрлэгийн багшаар өнөө жил 88 оюутан төгсөх бол ирэх онд 60, магадгүй түүний дараа 40 болж буурахыг үгүйсгэхгүй. Тэр үед үүнийг хэрхэн шийдэх вэ. Багшлах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ажилд орсон хүмүүсийн хэд нь энэ их ачаалал, нийгмийн, эцэг, эхчүүдийн зүгээс ирж буй сөрөг хандлага, дайралтуудыг тэсвэрлэн гарч, сонголтдоо үнэнч үлдэх вэ. Цэцэрлэгийн багшаар ажиллана гэдэг хэн хүний хийж, тэсвэрлэж чадах хөдөлмөр биш билээ.
Хууль, журмаараа бол их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүнийг цэцэрлэгт үндсэн багшаар ажиллуулах учиртай. Харин туслах багшид тавьдаг гол шалгуур нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 18 кредитийн буюу 20-30 хоногийн чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. Гэвч өдгөө ажиллах хүчний хомсдол нүүрлэснээс эл шалгуур босгыг чинээнд нь тултал намсгаад байна. Шинэчлэн баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд ч үүнтэй холбоотой зарим зүйл, заалт (төгсөх дамжааны оюутнуудыг дадлагажуулах байдлаар ажиллуулах)-ыг тусгасан. Энэ хэрээр сургуулийн өмнөх боловсролын чанар, үр өгөөж, багшийн ёс зүй, мэдлэг, ур чадварын асуудалд анхаарах шаардлага үүслээ. Цэцэрлэгийн багш нар бага насны хүүхэд хүчирхийлсэн, зүй бусаар харьцсан тухай бараан мэдээ сүүлийн үед цөөнгүй сонсогдох болсны цаад шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Мэргэжлийнхээ онцлог, бэрхшээлүүдийг ойлгож ухамсарлаагүй, боловсорч, бэлтгэгдээгүй хүмүүст хэдий чинээ сул орон зай, боломж олгоно тэр хэрээр ийм асуудал үүсэх нь тодорхой. Юуны тулд цэцэрлэгийн үндсэн багшийг дөрвөн жилийн хугацаанд сургаж, бэлтгэж билээ. Туслах багшийг яагаад заавал нэг сарын хугацаатай чадавхжуулах сургалтад хамрагдахыг шаарддаг вэ. Учиртай шүү дээ.
ҮНЭЛЭМЖИЙГ НЬ САЙЖРУУЛЪЯ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орсон нь, цэцэрлэгүүд хэнийг ч хамаагүй ажиллуулах бодлого баримталж эхэлсэн нь эцсийн дүндээ төрийн алдаатай бодлогын буруу. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага оновчтой бодлого хэрэгжүүлж, зөв менежмент хийж чадаагүйн үр дүн нь энэ. Дан ганц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Л.Энх-Амгалан сайд болон түүний багийнханд нялзаах асуудал ч биш. Ерөөс үе үеийн Засгийн газар, сайд нар цэцэрлэгийн багш нар хангалттай “анхаарал халамж” тавилгүй, үл ойшоож, хайнга хандаж ирсний горыг бид энэ цагт, өнөөдөр илүү томоор амсаж байна. Үүссэн нөхцөл байдлыг өвчинтэй зүйрлэвэл ужгирч, хүндрээд сүүлчийн шатандаа очтол нь даамжруулчихсан хэрэг. Цаашид энэ мухардлаас гарахын тулд багшийн цалин хангамжийг сайжруулж, нийгмийн баталгааг нь хангах хэрэгтэй.
Манай улсад цэцэрлэг хүртээмжгүйгээс нэг ангид дунджаар 35-40 хүүхэд суралцдаг. 50, 60 хүүхэдтэй ангиуд ч бий. Ийм олон хүүхдийг хоёрхон багшид даатгана гэдэг ахадсан ачаа, дэлхийн хаана ч байхгүй хатуу оноолт. Гэтэл тэдний авдаг цалин нь ердөө 1.1 сая төгрөг. Засгийн газрын шийдвэрээр энэ онд нэмээд нэмээд энэ шүү дээ. Үүн дээр мэргэжлийн зэргийн, ур чадварын нэмэгдэл олгох журам үйлчилж буй ч шалгуур, шаардлагыг хангадаг нь даанч цөөн. 1.1 сая төгрөг гэдэг бас л аль ч улсынхтай жишимгүй бага үнэлгээ. Ийм байхад багш нар ачаалал, дарамтаас нь халшран ажлаасаа гаралгүй яах вэ. Ар гэрийнхээ амьдрал, ахуй амьжиргаанд санаа зоволгүй ажлаа хийж чадна гэж үү. Олон улсын жишиг, хандлагаас харахад цэцэрлэгийн багшийг ихэд хариуцлагатай, нэр хүндтэй, үнэлэмж сайтай мэргэжилд тооцдог юм билээ. Гэтэл бид хамгийн дор нөхцөлд хамгийн бага цалингаар ажиллахыг “шаардаж” байна. Эцэс сүүлдээ шалгуур, шаардлагыг нь ч багасгаад хамгийн үнэ цэнгүй мэргэжил болгох бодлого баримталж байна уу гэлтэй аяглах боллоо.
Бэлтгэсэн: Н.Мишээл