Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан есдүгээр сарын 13-ны өдөр Нью-Йорк хотноо боллоо. Хуралдаанаар Руанда Улсын Кигали хотноо 2024 оны зургадугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангах Засгийн газар хоорондын хорооны Товчооны бүрэлдэхүүн, хамтран даргалагч нарыг сонгожээ. Товчооны бүрэлдэхүүнд бүс нутгууд болон хүлээн авагч орны төлөөлөл болох Австри, Руанда, Бурунди, Зимбабве Балба, Монгол, Болив, Парагвай, ОХУ, Румын гэсэн 10 улс нэрээ дэвшүүлж сонгогдсоны дотор Монгол болон Австри Улс хамтран даргалагчаар сонгогдов.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд, Австрийн Холбооны Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч А.Маршик нар хуралдааныг удирдан явуулж, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ф. Рабаб, мөн бүлгийн гишүүн болон транзит улсын төлөөлөгчид үг хэлэв. Төлөөлөгчид ДГХБО-ын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитой үнэлж, ирэх 10 жилийн төлөвлөгөөг тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилттэй уялдуулан, шинэлэг хэлбэрээр тодорхойлохын чухлыг онцлон тэмдэглэв.
Эл хуралдаанаар НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтын холбоотой баримт бичгүүдийг баталж, бэлтгэл хорооны дараагийн хуралдаануудыг Нью-Йорк хотноо 2024 оны хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүд болон дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.