Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад Хэргийн дэд сайд С.Кумар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нартай уулзлаа. Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамнаас тус улсын санхүүжилтээр баригдах Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсныг дуулгав. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулан барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсныг баталгаажууллаа.
Түүнчлэн “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв”-ийн барилга угсралтын үйл ажиллгааг эрчимжүүлэх, англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцжээ. Уулзалтын эцэст хамтарсан санхүүжилтээр жилд 40 хүртэлх англи хэлний сургагч багшийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.