Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Солонготой тээвэр ложистикийн салбарын хөгжил, олон улсын чиг хандлагын талаар ярилцлаа.
-Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Бид холбоогоо 2014 онд үүсгэн байгуулсан, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Манай холбоо Монгол Улсын тээвэр логистикийн сал б арыг хөгжүүлэх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад хувь нэмрээ оруулах, тээвэр ложистикийн салбар дахь компаниудын хууль ёсны нийтлэг эрх ашгийг хамгаалах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд гишүүн байгууллагууд болон төр засгийн байгууллагуудын хооронд холбох гүүр болж, тээвэр ложистикийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, салбарынхны нэгдмэл байдлыг хангах чиглэлээр тогтвортой ажилладаг. Одоогоор манай холбоо 80-аад гишүүн байгууллагатай, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс гадна салбарт нэн чухал шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, тээвэр ложистикийн олон улсын холбоодод Монгол Улсаа төлөөлж ажилладаг.
-Тээвэр ложистикийн салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцъя. Дээвэр байгууллагын хувьд манлайлах чиглүүлэх тодорхой ажлууд хийж байгаа харагддаг.
-Манай салбар гадаад худалдааны салшгүй нэг хэсэг шүү дээ. Өдөр тутмын хэрэглээнийхээ 60-70 хувийг импортоор авдаг манай улсын хувьд ложистикийн зардал нь эдийн засгийн суурь үзүүлэлтэд нөлөөлж байдаг. Эл утгаараа ложистикийн хөгжил нь эдийн засагт маш чухал юм. Манай салбар үүссэнээс хойш 30 гаруй жил болсон хэдий ч олон нийт, төр засаг тэр бүр бидний үйл ажиллагаа, нийгэмд гүйцэтгэж буй үүргийг ойлгодоггүй юм шиг санагддаг. Тиймээс өнөөдрийг хүртэл манай салбар хууль эрх зүйн зохицуулалтгүй, татварын орчин тодорхой бус явж ирсэн.
-Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Замын-Үүд боомтоор ачаа Авто тээвэр болон Төмөр замаар нэвтрүүлдэг. Авто тээврийн тухайд БНХАУ 2023 оны нэгдүгээр сард хилийн боомтоо нээснээс хойш байдал сайжирч, одоо хилээр нэвтэрч буй ачаа урсгал цар тахлын өмнөх шигээ буюу хэвийн байдалд орсон. Эрээн боомт руу өдөрт 150 орчим машин орж, Эрээнээс Замын-Үүд рүү өдөрт дунджаар 150-200 машин гардаг. Эрээн рүү орох авто машинууд бүртгүүлж, дугаар авах шаардлагатай. Бүртгүүлчихвэл 2-3 өдрийн дараа хилээр нэвтэрчихнэ. Харин Төмөр замын тээврийн тухайд нөхцөл байдал арай өөр. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд дэх шилжүүлэн ачих хэсгийн терминалд Монголын нутгаар дамжин өнгөрөх 2100 орчим чингэлэг, импортын 610 чингэлэг шилжүүлэн ачигдахаар хүлээгдэж байна.
-Хэд хоног хүлээгддэг вэ. Хүндрэл үүсгэдэг гол шалтгаануудыг хэлээч?
-Хэдийгээр УБТЗ нөөц бололцооныхоо дээд цэгт тултал маш сайн ашигладаг ч вагон, техникийн хүчин чадлаа хангалттай нэмж чадаагүйгээс шалтгаалж, жилээс жилд өсөн нэмэгдэж буй ачааны урсгалыг тээвэрлэхэд хүндрэл гардаг. Мөн Хятадын Төмөр зам ачилтын зөвшөөрөл хангалттай өгдөггүйгээс ачаагаа Авто тээврээр хил нэвтрүүлж, төмөр замд ачих хандлага ихэссэн. Улмаар төмөр замын талбайн гадна урт дараалал үүсэх хандлагатай болсон. Одоогоор 80 орчим машин байна. Учир нь уг талбайн зай, хүрэлцээнээс шалтгаалан ачааг шууд буулгадаггүй. Ийм л шалтгаануудын улмаас вагон хүлээгдэж буйг тээвэрлэгч, харилцагч нар зөвөөр ойлгох хэрэгтэй. Тиймээс төмөр замын хүчин чадлыг сайжруулахад анхаарч, энэхүү байдлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, ялангуяа нэн шаардлагатай эм эмнэлэг, хүнсний бараануудын онцлогт тохирсон нийлүүлэлт, тээврийн зөв системтэй болох нь чухал. УБТЗ-ын статистик мэдээллээр 2018 онд импортоор 61658 TEU (20 инчид шилжүүлснээр) чингэлэг тээвэрлэж байсан бол 2022 онд 91988 TEU чингэлэг тээвэрлэсэн нь сүүлийн таван жилд импортын чингэлэг тээврийн ачаа урсгал 49, дамжин өнгөрөх ачаа 172 хувиар өссөн байна. 2022 оныг 2021 онтой харьцуулахад, 2021 онд импортын 63056 TEU чингэлэг хүлээн авсан бол 2022 онд импортын 91988 TEU чингэлэг Хятадын төмөр замаас хүлээн авч 45.8 хувь өссөн байна. Харин дамжин өнгөрөх чингэлгийн тоо буурсан. Гэтэл нийт дансанд бүртгэлтэй 140 ширхэг зүтгүүр байгаагаас ашиглалтын хугацаа хэтэрсэн 47 зүтгүүр буюу 33 хувь, 3201 ширхэг ачааны вагон байгаагаас ашиглалтын хугацаа хэтэрсэн 1496 вагон буюу 46.7 хувийг тус тус эзэлж байна.
-БНХАУ-ын Тяньжин боомтын болон ачаа тээврийн урсгал одоо ямар байгаа бол?
-Одоогийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэх 5000 орчим чингэлэг хүлээгдэж буй. Тус боомтоос гарах Монголын ачаа дунджаар 45-60 хоногийн дараа вагонд ачигддаг. Энэ нь цар тахлын үеийн нөхцөл байдалтай бараг ойролцоо түвшинд очсон гэсэн үг юм. 2023 оны наймдугаар сард Тяньжин боомтоос Замын-үүд боомт руу нийт 57 цуваа ачаа гарсан бол есдүгээр сард одоогоор 45 цуваа гарах урьдчилсан мэдээтэй байна. Тяньжин боом тоос гарснаас хойш 3-5 хоногт Замын-Үүдэд ирдэг. Тус боомтод ачаа саатдаг шалтгаан нь тус улсын Төмөр замын ачилтын төлөвлөгөө, вагон хангамжаас л шалтгаалдаг. Энэ байдлыг сайжруулах, хүлээлгийн хугацааг багасгах талаар манай холбоо ЗТХЯ, Боомтын сайдын ажлын алба болон УБТЗ зэрэг холбогдох төр засгийн байгууллагуудтай мэдээлэл солилцож хамтран ажилласаар байна.
-Тээвэр ложистикийн салбараас хувийн хэвшил IPO гаргаж буй. Холбооны зүгээс уг IPO гаргасан үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Манай холбооны гишүүн “Монложистикс Холдинг” компани энэ сарын 11-нээс Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж олон нийтэд нээлттэй компани болох нь. Бид үүнд маш их баяртай байна. Учир нь хувьцааны зах зээл идэвхжсэн сүүлийн 10 жилд манай салбараас олон нийтэд хувьцаагаа арилжаалж буй анхны тохиолдол юм. Ложистикийн компани хувьцаагаа олон нийтэд арилжаалснаар манай салбарт хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлж улмаар салбарын хөгжил, өсөлтийг хурдасгана. Цаашид манай салбарыг олон нийтэд илүү сайн таниулах гээд олон ач холбогдолтой. Тэгэхээр манай салбарын төлөөлөл олон нийтэд нээлттэй болж байгаа нь салбарын хөгжилд сайн нөлөөтэй үйл явдал гэж харж байна.
-Импортын тээврийн үнэ ковидоос хойш буусан, эсэх талаар мэдээлэл өгөхгүй юу. Тухайн үед Монгол Улс нэг далайн тээврийн компаниас хамааралтай ч юм шиг ойлголт төрж байсан.
-Ковидын үед тээврийн үнийн өсөлт нь зөвхөн Монголд бус дэлхий нийтийг хамарсан. Гол шалтгаан нь далайн тээврийн саатал, цар тахлаас үүдэлтэй ажиллах хүчний хомсдол, илгээгч, хүлээн авагч нарын үйл ажиллагааны тасалдлаас байсан. Манай улсын хувьд одоогийн байдлаар импортын тээврийн үнэ цар тахлын үеэс хойш буурсан боловч цар тахлын өмнөхөөс бага зэрэг өндөр байна. Үүнд дэлхий нийтэд ижил буюу инфляцаас үүдэлтэй зардлын өсөлт, валютын ханш голлон нөлөөлсөн. Далайн тээвэрлэгч нарын тухайд гэвэл, Далайд гарцгүй, алслагдсан байдлаас шалтгаалан далайн тээврийн компаниуд Монгол руу ачилт хийж, чингэлгүүдээ илгээхдээ хатуу бодлого барьдаг. Учир нь чингэлэг далайн боомтоос Монголд ачаагаа буулгаад буцаж боомтод очих хүртэл ойролцоогоор 60-70 хоног зарцуулдаг нь хэт урт хугацаа юм. Энэ нөхцөлийг хүлээн авч чингэлгээ илгээж буй далайн тээврийн компаниуд цөөн. Монгол Улс руу ирдэг чингэлгийн дийлэнх хувийг эзэлдэг БНХАУ-ын төрийн өмчит далайн тээврийн КОСКО компани цар тахлын үеэс эхлэн Монгол руу илгээдэг чингэлгийн бодлогодоо өөрчлөлт оруулж, эцсийн цэг хүртэл тээвэр зохион байгуулж, чингэлгээ хянаж байна.
-Цаашдаа танай холбоо тээвэр ложисти кийн салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-2022 онд Тяньжинд овоорсон байсан чингэлгүүдийг богино хугацаанд бөөнөөр нь Улаанбаатар руу явуулснаас манай терминалуудад түгжрэл, ачаалал үүссэн. Энэ үед УБТЗ, хотын гааль зэрэг холбогдох төрийн байгууллагатай өдөр тутамд шуурхай хамтран ажиллаж ачаа барааны эргэлтийг түргэсгэхэд анхаарч ажилласан. Энэ үед Улаанбаатарт ачааны том терминал байгуулах, Замын-Үүдийн шилжүүлэн ачих хүчин чадлыг нэмэгдүүлэх нь ямар чухал болохыг бүгд мэдэрсэн. Тиймээс энэ ажилд хувийн хэвшлийн зүгээс хамтран ажиллах бүх боломжийг эрэл хийлэн ажиллах болно. Одоогоор холбогдох Боомтын сэргэлтийн хороо, Хуурай боомтын ажлын хэсэг, Худалдааг хөнгөвчлөх үндэсний зөвлөл гэх мэт зөвлөлүүдэд хувийн хэвшлийг төлөөлөн орж дуу хоолойгоо хүргэсээр байна. Мөн олон улсын тээвэрт оролцогчийн хувиар олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улсын нэгдэн орсон гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангуулах, дамжин өнгөрөх эрх чөлөөг эдлэх тал дээр түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байна.