Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг “Хүннү молл” их дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог уржигдар шөнө өөр байршилд шилжүүлжээ. Энэ тухай Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Хүннү молл” их дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог хариуцсан ажилтнууд нь буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгалаа. Явган зорчигчид тус дэлгүүрийн баруун талд байдаг шинээр ашиглалтад орсон Яармагийн нүхэн гарцаар нэвтэрнэ. Энэ нүхэн гарцын дотоод заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгана. Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Яармаг орчмын зорчих хөдөлгөөний урсгал сайжрах юм” хэмээсэн байв. Буулгасан гэрлэн дохиог хаана байрлуулсныг нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийнхнээс тодруулахад “Хүннү молл” их дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог Яармагийн 118 дугаар цэцэрлэгийн зохицуулгагүй явган хүний гарц руу шилжүүлсэн. Учир нь шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар явган зорчигчид нэвтрэх нь бага байсан” гэлээ.
Бэлтгэсэн: Б.Оргил