Улаанбаатарт, улсын хэмжээнд ч өнгөрсөн зун бороо их орж, үер болсон. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, улсад багагүй хохирол учирсан бөгөөд гамшигт өртөгсөд нөхөн төлбөр авах, хохирлоо барагдуулах сонирхолтой, гомдолтой хэвээр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 200 гаруй өрхтэй орон сууцын Сууц өмчлөгчдийн холбооны дарга М “Манай байрны СӨХ үйл ажиллагаа явуулдаг доод давхар үерт автан, технологийн тоног төхөөрөмжүүд эвдэрч, хана тааз, шалны будаг ховхорсон. Халаалтын шугам ч энд тэндээ цуурч, гэмтсэн учраас бүрэн солих шаардлагатай гэсэн. Энэ сарын 15-наас халаалт өгнө. Гэтэл бид гэмтсэн шугамаа засаж чадаагүйгээс халаалтаа авч чадахгүйнь. В1 давхартаа 100 машины зогсоолтой бөгөөд зөвхөн шалыг нь будахад нэг зогсоолтой айлаас нэг, иж бүрэн засвар хийх бол гурван сая орчим төгрөгийн зардал гарах тооцоог үнэлгээний компаниар хийлгэсэн.
СӨХ-нд сард 50 мянган төгрөг төлөхдөө нэхүүлдэг айлууд доод давхрыг засварлахад мөнгө өгөхгүй нь илт байна. Улаанбаатар хотын захиргаанаас засаж өгөх, нөхөн төлбөр авах тухай л ярьцгааж байгаа. Бид дүүргийнхээ удирдлагад хүсэлт илгээсэн ч ямар ч хариу алга” хэмээн ярив. Мөн дээрх хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, найман нэрийн барааны дэлгүүрийн эзэн “Манай дэлгүүр орон сууцын хагас зоорийн давхрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Ийм хэсгийг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй хэмээн барилгын компани нь иргэдэд борлуулсан юм билээ.
Гэхдээ ямар зөвшөөрөл байгааг хэн ч хараагүй гэхэд болно. Дэлгүүр усанд автсаны улмаас бидэнд 55 сая гаруй төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн үнэлгээчинд 300 000 төгрөгийн хөлс төлж байж тогтоолгосон. Гэтэл үнэлүүлсэн хөрөнгийн хохирлыг хаанаас авах, хэнд хандахаа мэдэхгүй хэвээр удлаа. Хагас подвальд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй гэсэн албан ёсны баримт байхгүй. Харин барилгын ерөнхий зураг, төлөвлөгөөнд хагас зоорийн давхар нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай гэсэн тэмдэглэгээ л бий” хэмээн ярив. Үүнээс гадна автомашин нь усанд автан, багагүй хэмжээний төлбөр төлж засуулсан иргэдийн нэг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны оршин суугч Ч.Амарбаяр “Автомашин руу ус орж, цахилгаан эд анги нь гэмтсэний улмаас хоёр сая төгрөгөөр засуулсан. Машины будаг халцарч, толь хагарч, шил арчигч зэрэг нь эвдэрснийг үнэлгээний компаниар тогтоолгон, даатгалын компанидаа мэдүүлсэн. Гэтэл даатгалын компанид автомашины иж бүрэн даатгал хийлгээгүй тул нөхөн төлбөр олгож чадахгүй гэсэн” хэмээв.
Түүнчлэн тэрбээр “Би жолоочийн хариуцлагын даатгалтай ч автомашины иж бүрэн даатгал хийлгээгүй нь бурууджээ. Ер нь жолооч нарын 20 хүрэхгүй хувь нь автомашины иж бүрэн даатгал хийлгэдэг юм байна. Би ямар нэгэн байдлаар дүрэм зөрчөөгүй, эзгүй хээр яваагүй. Улсын чанартай авто замаар зорчиж байгаад хохирсон байхад хэн ч тоохгүй юм” гэв. Эдгээр иргэн багагүй мөнгө төлж үнэлгээний компанид хандан, хохирлоо тооцуулсан нь мэдээж нөхөн олговор авна хэмээн итгэснийх. Гэсэн ч нөхөн олговор авахгүй юм байна. Учир нь хагас подвальд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ажлын байр бий болгох зөвшөөрөлгүй аж. Нөгөөтээгүүр, үерийн улмаас гэр нь урссан, амь нас нь хохирсон иргэдэд нийслэлийн ЗДТГ-аас нөхөн төлбөр олгоход зарим хүн эсэргүүцсэн. Энэ нь ч зүйн хэрэг юм байна. Тодруулбал, Гамшгаас хамгаалах тухай хуульд аюулт үзэгдэл буюу хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэн, тахал дэгдсэн тохиолдолд үүссэн хохирлыг төрөөс барагдуулах талаар заажээ. Харин борооны хувьд хур тунадасны хэмжээ, үргэлжлэх хугацаагаар аюулт үзэгдэл, эсэхийг нь тодорхойлж болох ч одоогоор өнгөрсөн долдугаар сард болсон үерийг аюулт үзэгдэл хэмээн нэрлэх боломжгүйг албаныхан хэлэв. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий компаниуд хийдэг аж. Тэд үнэлгээ хийсний дараа дүүргүүд рүү тооцоог нь шилжүүлэн, дүүргээс нийслэлд, нийслэлээс Улсын онцгой комисс материалыг нь хүлээн авч, ямар арга хэмжээ авахыг шийднэ гэсэн үг.
Дээр дурдсанчлан үерийн улмаас хохирч нөхөн төлбөр авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж цөөнгүй байна. Тэд хохирлоо хэрхэн барагдуулахаар цөөнгүй албан байгууллагад хандсан ч үр дүнд хүрээгүй аж. Нөхөн олговрыг нийслэлийн ЗДТГ, эсвэл Шадар сайдын ажлын алба шийднэ хэмээн ойлгосоор байгаагаа ч иргэд илэрхийлсэн. Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас тодруулахад иргэдэд нөхөн олговор өгөх тухай ямар нэгэн шийдвэр байхгүй гэв. Түүнчлэн нийслэлийн ЗДТГ-тч иргэдэд нөхөн олговор олгох, эсэх талаарх мэдээлэл алга. Тус газрынхан “Нөхөн олговор олгох шаардлагатай буюу орон гэргүй болсон айл, амь нас нь хохирсон хүмүүсийн ар гэрт мөнгөн тусламж, орон сууц, гэр өгсөн. Одоогоор үүнээс өөр хөрөнгө зарцуулах шийдвэр гараагүй. Энэ талаар УОК мэднэ” гэсэн юм. Тэгвэл УОК-оос “Үерээс шалтгаалсан хохирлыг тооцох, ямар арга хэмжээ авах талаар ажиллах ажлын хэсэг байгуулсан. Үүнд нийслэлийн ЗДТГ, ОБЕГ, УОК-ын төлөөлөл багтсан. Одоогоор нийт хохирлын үнэлгээг бүрэн гаргаагүй. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэхэмжилж буй, үнэлгээний компаниудаар тооцуулсан хөрөнгийг хаанаас гаргах нь тодорхой биш. Зарим дэлгүүр, аж ахуйн нэгж нь зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулж байсан зэрэг зөрчил бий” гэлээ.
Улаанбаатарт хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэдгээр нь гамшиг ослын улмаас үл хөдлөх хөрөнгө, автомашин, бусадзүйлсэвдэрчсүйдсэнзэрэгтхохирлын үнэлгээ хийж байна. Ийм компаниудад иргэд ихэвчлэн автомашиныхаа гэмтлийг тодорхойлуулах, даатгалын компаниас нөхөн төлбөр авахаар ханддаг гэсэн. Тэгвэл өнгөрсөн долдугаар сард болсон үерийн улмаас үнэлгээ хийлгэх иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс 70 орчим хувиар өсжээ. Энэ талаар “Ведо” үнэлгээний кампанийн ажилтан “Гамшгийн үнэлгээ гэдгийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалж эд хөрөнгө хэр гэмтсэн, хэчнээн хэмжээний мөнгөн хохирол учирсныг тогтоодог гэж ойлгож болно. Энэ чиглэлээр Улаанбаатарт цөөнгүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өнгөрсөн зун ачаалал ихтэй байлаа.
Учир нь үерийн улмаас эвдэрсэн, сүйдсэн хөрөнгө, автомашин, усанд норсон бараа, бүтээгдэхүүнээ үнэлүүлэх иргэд олширсон. Ажлын хөлс нь хэдэн цаг, ямар нөхцөлд ажилласнаас шалтгаалж янз бүр байдаг. Зарим иргэн үнэлгээ хийлгэсэн л бол хохирлоо барагдуулах үндэслэл болно хэмээн бодох нь бий. Бид үйлчилгээ үзүүлж мөнгөн хохирлын хэмжээг л тооцож өгдөг. Нөхөн олговрыг даатгалын, эсвэл бусад компани, төрийн байгууллагаас авна шүү дээ” гэсэн юм. Хөрөнгийн үнэлгээ хийдэг компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдгийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс дурдлаа. Одоогоор тус институтийн гишүүнчлэлтэй 30 орчим компани бий бөгөөд голдуу орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргадаг гэнэ. Эндээс харахад, аж ахуйн нэгж, айл өрх, иргэд хаана амьдрах, хаана бизнес эрхлэх зэргээ нарийн тодорхойлох, тухайн байршилд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бий, эсэхийг сайтар судлах шаардлага байна.