Нийслэлийн Нийтийн тээврийн газар өнгөрсөн зургадугаар сараас “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хотын төв чиглэлд хоёр цахилгаан автобус явуулж эхэлсэн ч энэ нь тогтсон хуваарийн дагуу зорчигч тээвэрлэдэггүйгээс жуулчид цаг хугацаа, эдийн засгаараа хохирч буй талаар бид өмнө нь хэд хэдэн удаа мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар нисэх буудлын захиргаанаас өчигдөр мэдээлж, зорчигч, жуулчдаас хүлцэл өчлөө. Үүний учир шалтгааныг нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодруулахад “Албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Өнөөдөртөө (өчигдөр) багтаад шийдвэрлэх байх” гэсэн юм.
Хөшигийн хөндий-120 мянгат чиглэлд нийтийн тээврийн унаа хүртээмжтэй, тогтмол явуулж чаддаггүйн шалтгааныг дээрх байгууллагынхан зорчих хөдөлгөөний урсгал бага байдагтай холбон тайлбарладаг. Тус чиглэлд зорчигч тээвэрлэдэг автобусны тоог нэмэх хүсэлтийг аялал жуулчлалын байгууллагуудаас өнгөрсөн зун удаа дараа гаргасан ч хүлээж аваагүй. Тэгэхээр эл шийдвэр жуулчдын урсгал саарсантай холбоотой байж болзошгүй юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл