Боловсролын ерөнхий хуулийн төсөл дэх “Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалттай холбоотой олныг хамарсан маргаан мэтгэлцээн, хэрүүл тэмцэл нийгмийн сүлжээнд ид өрнөж байхад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Хуульд юу гэж тусгахаас үл хамааран сурагчдад гуравдугаар ангиас буюу найман настайгаас нь англи хэлний хичээл заана” хэмээн мэдэгдэж байв. Энэ нь нийгэмд үүссэн дуулиан шуугианыг намжаах, иргэдэд таалагдах зүйл ярих оролдлого төдий үйлдэл биш байсан нь ойрын өдрүүдэд тодорхой боллоо.
Учир нь Боловсролын багц хуулийн хүрээнд хийхээр төлөвлөсөн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн дагуу “Pearson” хэмээх англи хэлний олон улсын цогц хөтөлбөрийг БШУЯ Монгол Улсад нутагшуулахаар эртнээс төлөвлөж, бэлтгэлээ базааж буйгаа тайлагнав. Хагас жилийн хугацаанд хот, хөдөөгийн 38 сургуульд үүнийгээ туршилтаар хэрэгжүүлж, 29 300 хүүхдэд энэ хөтөлбөрийн дагуу хичээл заагаад амжиж. Англи хэлний хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бага ангиас заах нь зөв, буруу хэмээн монголчуудыг энэ хаваржингаа “хэрэлдэж” байхад яамныхан аль хэдийн шийддэгээ шийдээд, ажлаа явуулж байсан аж.
Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр олон улсын жишиг, стандартаас нэлээд хоцрогдмол. Салбарын сайдаас нь эхлээд багш, судлаачид хүртэл үүнийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тиймээс Боловсролын багц хуулийн хүрээнд шинэчлэл хийх гэж буй. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг болсон англи хэлний сургалтын тухайд ч бид дэлхий нийтийн жишгээс нэлээд гажуу, тойруу замаар явж ирсэн. Олон улсын хөтөлбөртэй, гүнзгийрүүлсэн сургалттай, голдуу гадаад багш нараар хичээл заалгадаг хувийн сургуулийн сурагчдын хэлний мэдлэг, ур чадвар зэгсэн сайн бол улсын сургуулийнхных нийтлэгээрээ тааруу. Хөтөлбөрийн чанар, нэгж хичээлд ногдох хугацаа, багшийн ур чадвар, заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Олон улсын байгууллагуудаас гаргадаг “Англи хэлний ур чадварын индекс”-ээр монголчууд байнга сүүл мушгиж ирсэн.
Гэтэл нөгөө талд нь англи хэлний хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Гадаад хэл болон технологийн суурь мэдлэг гэдэг зүйл орчин цагийнхны, ялангуяа мэргэжилтэй боловсон хүчний хувьд ердийн хэрэглэгдэхүүн, эзэмшсэн байх ёстой наад захын ур чадварт тооцогдох болсон. Өөрөөр хэлбэл, бид хэчнээн үндэсний үзэл, хэл соёлын дархлаа ярьж үүнийг үгүйсгээд нэмэргүй, дэлхий нийтийн жишгийг дагахаас аргагүй. Хөтөлбөрөө шинэчилж, сургалтын чанараа сайжруулан, шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох чиглэлд анхаарахаас өөр замгүй. Яг ийм хэрэгцээ хоолойд тулсан, урагшлах уу, ухрах уу гэдэг сонголтын өмнө очсон үед англи хэлний олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан нь сайшаалтай.
Энэхүү хөтөлбөрийг “Pearson” хэмээх сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэх компани эзэмшдэг юм байна. Уг компани дэлхий дахинд 20 мянга гаруй ажилтантай бол 200 улс бүтээгдэхүүн, үйлчилгээг нь албан ёсоор нэвтрүүлжээ. Жилд дунджаар 140 сая орчим хүнд хүрч ажилладаг гэнэ. Тус компанийн брэнд бүтээгдэхүүн болсон “Pearson” хөтөлбөрийг Монгол дахь хувийн сургуулиуд нэвтрүүлээд удаж буй бол улсынхад нэгдсэн журмаар, үндэсний хөтөлбөр болгон үе шаттайгаар нутагшуулах эхлэлийг 2022-2023 оны хичээлийн жилд тавилаа.
БШУЯ-ныхан “Pearson” хөтөлбөрийн гол онцлогийг “Орчин үеийн дэвшилт технологид суурилсан агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, аргачлал бүхий сургалтын цогц платформ. Цахим болон танхимын сургалтыг хослуулан ашигладаг, олон улсын жишгийн дагуу боловсруулсан агуулгатай, багшийн хөгжил болон заах арга зүйг дэмжих, ачааллыг бууруулах, сурагчдын сурлагын ахиц дэвшлийг үнэлэх боловсронгуй аргачлалтай” гэж тодотгосон юм. Нэг ёсондоо ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад англи хэлний хичээлийг олон улсын стандартын дагуу шинэлэг арга барилаар, системтэйгээр заадаг нь эл хөтөлбөрийн гол онцлог гэнэ. Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн багш нар сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн, нэгж хичээлд ногдох цагт тааруулан заах хичээлийнхээ төлөвлөгөөг өдөр, сар, хагас жилээр гаргаж, удирдлагаараа батлуулдаг. Англи хэлний хичээлийн төлөвлөгөөг ч ийм байдлаар гаргадаг. Тэгвэл уг хөтөлбөрийг нэвтрүүлснээр энэ уламжлалыг халах нь. Тухайн багш тусгайлан бэлтгэж, баталсан хөтөлбөрийн дагуу хичээлээ заах аж. Ингэснээр багш нарын бичиг цаастай зууралддаг ажил багасах нь. Танхимын болон цахим сургалт хослуулан ордог болсноор сургалтын арга зүйг сайжруулах, хүртээмж, үр өгөөжийг нь ч дээшлүүлэх боломж бүрдэх юм байна. Хамгийн гол нь багш, сурагчид дижитал платформын “зааварчилгаа”-ны дагуу хуваарьт хичээлээ үзээд зогсохгүй ямар ахиц дэвшил гаргаснаа тогтмол үнэлүүлж, хянуулах боломж бүрдэх аж. Багш, сурагч хамтдаа суралцаж, зэрэгцэн хөгжинө гэсэн үг. Сургалтын чанар, багшийн ур чадвар хоёр салшгүй уялдаатай учир сурган хүмүүжүүлэгчдийн хувьд энэ нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж дэвших маш том боломж юм.
Дээр дурдсанчлан 2022-2023 оны хичээлийн жилд “Pearson” хөтөлбөрийг 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлэхдээ VI-IX ангийнхныг хамруулсан. Ингэхдээ нийгмийн дэд бүтэц, сургалтын орчин нөхцөл зэргийг харгалзан нийслэлээс 10, аймгийн төвөөс 16, сумаас 12 сургууль сонгожээ. Өөрөөр хэлбэл, янз бүрийн түвшний сургалттай сургуулиудыг төлөөлөл болгон хамруулсан байна. Эдгээр сургуульд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө гарааны үнэлгээ хийх зорилгоор сурагчдаас англи хэлний түвшин тогтоох шалгалт авахад 29.3 хувьтай гарчээ. Харин хөтөлбөр хэрэгжүүлсний дараа үр дүнгийн үнэлгээ хийхэд 47.4 хувь болж өсжээ. Хагас жилийн хугацаанд 20 орчим хувийн өсөлт үзүүлнэ гэдэг чамлахааргүй амжилт. Урт хугацаанд тууштай хэрэгжүүлбэл үүнээс ч илүү ахиц дэвшил гарах нь дамжиггүй.
“Pearson” бол цахим платформд суурилсан олон улсын хөтөлбөр. Тийм ч учраас үүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд боловсон хүчнээ бэлтгэх, сургуулиудыг шаардлагатай техник хэрэгслээр хангахаас эхлээд хийх ажил бишгүй. Энэ оны 1-6 дугаар сард хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөрийн хүрээнд 120 сургагч багш бэлдэж, 1600 гаруй хүнийг олон улсын англи хэлний заах арга зүйн сургалтад хамруулжээ. 2023-2024 онд энэ нөөц боломждоо үндэслээд V-VI ангийн 140 мянган сурагчид эл хөтөлбөрийн дагуу англи хэлний хичээл заах бол 2024-2025 онд III-IV, VII-VIII, үүний дараа жил үндэсний хэмжээнд буюу III-IX ангийн сурагчдад ийм стандартаар сургалт явуулах нь.
Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтыг алхам урагшлуулах оролдлого буюу шинэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөснийг БШУЯ-ны дэргэдэх Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар хэлсэн юм. Тухайлбал, хөтөлбөр, платформыг ашиглах арга зүй, ач холбогдлыг таниулах сургалтыг үе шаттай зохион байгуулах, сургуулиудад зориулан зөвлөмж боловсруулах, интернэтийн сүлжээ, хурд, хүртээмжийг сайжруулах, сурагчдад цахим орчинд аюулгүй байж үр дүнтэй суралцах чиглэлээр мэдлэг олгох зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Үндсэндээ сургалтын байгууллагуудын цахим дэд бүтцийг ч сайжруулахад анхаарах юм байна. Сааль нь нэгэнт бэлэн учраас саваа бэлдэх л үүрэгт ажил бидэнд ногджээ.