Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид нийслэл болон орон нутагт суугаа нэр бүхий ах, эгч нарт захидал илгээжээ. Нэгийг нь сонирхуулъя. 11а ангийн сурагч Б.Ариунболд тун гаргацтай цэврээр бичсэн захидалдаа
“Говь-Алтай аймагт улсын физикийн 34 дүгээр олимпиадыг зохион байгууллаа. Энэхүү олимпиадыг явуулахад санаачилга гарган, дэмжиж ажилласан ах, эгч нартаа маш их баярласнаа илэрхийлье. Манай сургуулийн Физикийн кабинетад лабораторийн иж бүрэн, стандарт багаж болон номын багц бэлтгэн хүргүүлсэнд туйлын их баярлаж байна. Та аймаг, сум, нутаг усныхаа хүүхэд бидний оюуны хөрөнгө оруулалтад их хувь нэмэр орууллаа. Би ч гэсэн хичээн суралцах болно. Ирээдүйд тан шиг сайхан сэтгэлтэй төгсөгч болно” гэжээ.
Тухайн сурагч захидалдаа дурдсан, физикийн хичээлийн лабораторийн иж бүрдлийг 1980 онд тус сургуулийн 8а ангийг төгсөгчид бэлэглэсэн аж. Төгсөгчид анги удирдсан багш Г.Чулуунбатынхаа гэгээн дурсгалд зориулж, мөн төрөлх аймагт нь физикийн улсын олимпиад зохион байгуулахыг угтуулан, сургалтын чанарыг сайжруулахад хэрэг болохуйц бэлэг илгээсэн юм байна.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл