Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурал өчигдөр болсныг салбарын яамнаас мэдээллээ. 43 аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий инженер оролцсон уг хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцжээ. Тодруулбал, үйлдвэр, компани тус бүр 2023 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2023-2024 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт хугацаанаас хоцорч буй ажил зэргийн талаар мэдээлэл өгсөн байна. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өчигдрийн байдлаар дунджаар 74 хувьд хүрсэн нь өмнөх оныхтой ойролцоо буюу нэг хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Салбарын яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж, оргил ачаалал эхлэхээс өмнө буюу ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд дуусгахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгожээ.
Бэлтгэсэн: Б.Сонор