Дугуйн түрээсийн үйлчилгээг өнгөрсөн сарын 23-наас нийслэлд нэвтрүүлсэн билээ. “Hi sainuu” компанийнхан уг үйлчилгээг эрхэлж буй бөгөөд 1000 дугуй импортоор авч, түрээсэлж эхэлсэн юм. Тэгвэл үүнээс 200 дугуйг нь хэрэглэгчид санаатай болон санамсаргүйгээр эвдэж, дахин ашиглахааргүй болгосныг дээрх компанийнхан өчигдөр мэдээлэв. Нэг дугуйн зах зээлийн үнэлгээ нь 720 000 төгрөг бөгөөд иргэд эдгээрийг гамтай, соёлтойгоор ашиглахыг тус компанийнхан уриаллаа. Түүнчлэн иргэдийн эрэлтэд тулгуурлан цаашид Дархан-Уул, Орхон аймагт уг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Ташрамд дурдахад, иргэд ухаалаг утасныхаа “PlayStore” болон “Appstore”-оос “Hi sainuu” аппликэйшнийг татан авч, хэтэвчээ цэнэглэснээр дугуй унах боломж бүрдэх нь. Түрээслэх үнийн хувьд 15 минут нь 1000 төгрөг. Мөн 30 минут нь 2000, 45 минут 3000, нэг цаг нь 4000 төгрөг аж.