Түгжрэлийн төв цэгүүдийн нэг Яармагийн замтай холбоотой шүүмжлэл, маргаан олон нийтийн дунд дэгдээд байна. Тус замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн нь маргааны гол шалтгаан боллоо. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг өчигдөр “Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Тээврийн хэрэгслийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чанар, хүртээмж болон зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэдийг аль болох хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалъя” хэмээн мэдээлсэн юм.
Гэсэн ч бодит байдалд тусгаарласан нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчихгүй, хувийн тээврийн хэрэгсэл ч явж, улмаар аль аль нь учраа олохгүй будилж, бухимдсаар түгжрэл улам нэмэгдэв. Үүнээс шалтгаалан өчигдөр Яармагийн зам дагуух зогсоолуудад автобус хүлээсэн иргэдийн бөөгнөрөл үүссэн юм. Зарим иргэн “Нэгдүгээр эгнээгээ чөлөөлсөн юм бол түүгээрээ автобус явуулаач ээ” хэмээн бухимдаж байсан бол нэг хэсэг нь “Тусгаарлах хашлагыг буруу байршилд буюу бараг л хоёрдугаар эгнээнд тавьснаас болоод түгжрэл үүссэн” хэмээж байв. Түүнчлэн хотын төвөөс Яармаг руу чиглэсэн замд эгнээ тусгаарлах хашлага байрлуулсан нь буруу гэдгийг ч цөөнгүй хүн хэлж байлаа.
Ямартай ч албаныхны зүгээс тус замд хяналтыг сайжруулж, камерууд нэмж суурилуулан, нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулахад анхаарна гэв. Үүний хүрээнд тээврийн цагдаагийн алба хаагчдыг ч тус зам дагуу ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр автобус хоорондын хүлээх хугацаа 7-10 минут болох гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч