ОХУ, Умард Солонгосын удирдагчид энэ сарын 10-13-нд уулзах тухай яриа олны анхаарал татаж байна. “Гэрээсээ” толгойгоо цухуйлгадаггүй гэгддэг Ким Жөн Ын Оросын Владивосток хотод хуягт галт тэргээр очих бололтой. Энэ үед нь тус хотод Дорнын эдийн засгийн форум болох юм. В.Путин Умард Солонгосоос их бууны сум, танк эсэргүүцэх пуужин гуйх, Ким оронд нь хиймэл дагуулын болон усан доогуур явдаг атомын шумбагч үйлдвэрлэхэд шаардлагатай тэргүүлэх технологи хүсэх юм байна гэлцэх болов. Тэгтэл 2006-2008 онд БНАСАУ-д Английн Элчин сайдаар ажиллаж байсан Жон Эверед ВВС агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Ким Чен Ын хувийн аюулгүй байдалдаа анхаарахдаа бүр донтой гэмээр. Тэр хаана байгаагаа нууцлах гэж чадах бүхнээ хийнэ. Хэрэв тэр Владивостокт очиж В.Путинтэй уулзах гэж буй нь тодорхой болвол уг арга хэмжээг зүгээр л цуцалж магадгүй” гэж хэлсэн байна лээ.
Умард Солонгосын удирдагчийн талаар мэдээлэл хомс байдаг ч ийм мэдээ тархаж буйн ташрамд зарим зүйлийн талаар өгүүлэхээр шийдэв. Ким Жөн Ун 1982 онд эцэг Ким Ир Сенээ залгамжлан улсаа удирдаж байсан Ким Чен Ирийн гурав дахь хүү болон мэндэлжээ. Ээж нь Ким Чен Ирийн гурав дахь гэргий балетчин Ким Ён Хи гэж байжээ.
Ким Жөн Ун 1991 юм уу, 1992 оноос Швейцарт дунд боловсрол олсон гэх баримт 2012 онд хүмүүсийн сонорт хүрсэн байдаг. Харин 2002-2006 онд Ким Ир Сенийн нэрэмжит их сургуульд сурч дээд боловсролтой болсон гэдэг. Түүнчлэн түүнд физикийн болон цэргийн шинжлэх ухааны доктор цолыг өвөөгийнх нь нэрэмжит хоёр ч сургууль олгосон юм билээ. Англи хэл сайн мэддэг ч дипломат түвшний яриа хэлэлцээрт орчуулагчтай оролцдог гэх мэдээлэл байдаг.
Солонгосын хөдөлмөрийн намын удирдах ажилтнуудад Ким Жөн Уны дүрс бүхий тэмдэг тараасан гэх мэдээлэл 2006 онд хэвлэлд гарсан нь БНАСАУ-ын удирдагчийн суудалд эцгийнхээ халааг энэ хүү авах нь ээ гэх яриа дэгдэх шалтгаан болсон байна. Бага Кимийг 26 настайд нь 2008 онд түүнд зориулж Пхеньянд тусгай харш барьж эхэлсэн гэж байснаа дараа жилийнхнь эхээр түүнийг албан ёсоор эцгийг нь залгамжлуулсан байна. Ким Жөн Ун Умард Солонгосын Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн гишүүн болсныг Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” агентлаг сонордуулав. Түүний мэндэлсэн нэгдүгээр сарын 8-ныг БНАСАУ-ын үндэсний баярын өдөр болгосныг 2010 оны нэгдүгээр сард “Daily NK” сонин мэдээллээ. Ким Чен Ир эрх мэдлээ хүүдээ шилжүүлэхээр төлөвлөж буйн бас нэг нотолгоо энэ болов.
Ким Чен Ир зүрхний өвчнөөр 2011 оны арванхоёрдугаар сард өөд боллоо. Үүнээс долоо хоногийн дараа Ким Жөн Уныг Солонгосын Ардын армийн дээд ерөнхий командлагч хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд анх удаа нэрлэсэнюм. Түүнийг Хөдөлмөрийн намын Төв хорооны даргын албанд томилсныг “Нодон синмун” сонин арванхоёрдугаар сарын 26-нд мэдээлэв. Арванхоёрдугаар сарын 31-ний шөнөХөдөлмөрийн намын УТТ Кимийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар албан ёсоор томилсон. Ийнхүү Ким Жөн Ун БНАСАУ-ын удирдагч болж, хэсэг хугацаанд түүнийг Михаил Горбачевтой харьцуулах болов. 2012 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Ким Жөн Ун анх удаа олны өмнөүг хэлжээ.
2013 оны хоёрдугаар сард Умард Солонгос түүхэндээ гурав дахь цөмийн туршилт хийв. 2018 оны нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдагчидтай уулзахдаа “Түүнд цөмийн цэнэг, 13 мянган километр хол байнд тусах чадалтай, дэлхийн бөмбөрцгийн хаана ч хүрэх пуужин бий. Тэр бол ухаалаг, эр биед хүрсэн улстөрч” гэж хэлсэн байдаг. Ким Жөн Ун гэргий Ли Соль Чугийн хамт 2018 оны гуравдугаар сарын сүүлчээр анхны гадаад айлчлалаа Бээжинд хийж Си Зиньпинтэй уулзав. Тавдугаар сарын эхээр хоёр дахь, зургадугаар сарын дундуур гурав дахь удаагаа Бээжинд айлчлав. Трамп, хүү Ким хоёр 2019 онд Ханойд хоёр дахиа уулзав. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг хүссэн ч Умардын удирдагч зөвшөөрсөнгүй. Ким Жөн Ун 2019 оны дөрөвдүгээр сард Орост айлчилж, Владивосток хотноо В.Путинтэй уулзжээ.
Ким Жөн Ун эрх мэдэлд хүрмэгцээ Хятадын “өөрчлөлт, нээлттэй” бодлоготой төстэй эдийн засгийн өөрчлөлт хийж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор эдийн засгийн тусгай бүсүүдийн сүлжээ бий болгов. Газар тариаландаа хийсэн өрхийн аж ахуй нь амжилт олж, эхний жилдээ (2013) их ургац хураав. Улсын аж үйлдвэрүүдийг аж ахуйн тооцоонд оруулж, илүү бие даалгаснаар хувийн үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж, хүн амын амьдралын түвшин дээшилжээ.
Цөмийн гурав дахь туршилт хийхээр төлөвлөж буйгаа 2013 оны эхээр Умард Солонгос зарлав. Устөрөгчийн бөмбөгтэй болсноо 2015 оны эцсээр Ким Жөн Ун мэдэгдлээ. 2016, 2017 онд цөмийн туршилт гурван ч удаа хийсэн юм. Орост ажиллаж байсан Умард Солонгос гаралтай нэг хүнийг Ким Жөн Уныг “биохимийн зэвсэг”-ээр алуулахаар Өмнөд Солонгос элсүүлж авчээ хэмээн 2017 онд Умардын Засгийн газар мэдэгдлээ. 2018 оны нэгдүгээр сард хоёр Солонгосын хооронд шууд хэлэлцээр хийж үр дүнд нь Умард Солонгос Олимпын тоглолтод оролцохоор болж нээлт, хаалтад нь хоёр талын тамирчид Солонгосын хойгийн далбаан дор жагсаж, эмэгтэйчүүд нь хоккейн хамтарсан баг байгуулав. Гуравдугаар сарын эхээр БНСУ-ын төлөөлөгчид АНУ-д айлчилж, цөмийн зэвсэг болоод пуужин туршихаа цаашид түдгэлзэхээр амласан Ким Жөн Уны захидлыг Трампад гардуулахад уг саналыг АНУ-ын Ерөнхийлөгч хүлээж авснаар барахгүй удахгүй уулзах хүсэлтэй байгаагаа Умардын удирдагчид илэрхийлжээ. Тэдний анхны уулзалт зургадугаар сард Сингапурт болсон юм. 2021 оны сүүлчээс Умардын хэвлэлд хүү Кимийг “аугаа удирдагч” гэж бичих болж, өвөө хийгээд эцгийнх нь хөргийг буулгав. “The Times” сонинд бичсэнээр Ким Жөн Ун эцэг, өвгөдийнхөө сүүдрийн цаанаас ил гарахыг эрмэлзэх болжээ.
2009 оны тайланд Кимийг сахарын өвчтэй, даралт нь өндөр гэсэн байдаг. Тэрбээр тамхи их татна. 2014 оны ес, аравдугаар сард Ким олны өмнөгарсангүй. Төрийн мэдлийн хэвлэлүүд түүнийг “эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад” гэж мэдээлж байв. Тэр 2015 онд 170 см өндөр хэрнээ 130 килограмм жинтэй болсон байв. Дөрөвдүгээр сарын 15-нд өвөөгийнхөөтөрсөн өдрийг тэмдэглэх ёслолд анх удаа оролцсонгүй. Ким хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд эрх мэдлийг эмэгтэй дүү Ким Ё Чонд өгөх тухай шийдвэрийг 2019 онд Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаас Кимийн өөрийнх нь шаардсанаар гаргасан гэж БНСУ, АНУ-ын эх сурвалжууд мэдээлж байжээ. Үүнээс хойш энэ эмэгтэй БНАСАУ-ын “хоёрдугаар хүн” болсон байна. 2012 оны есдүгээр сарын эхээр БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Ким олны өмнөгарч ирэхдээ нэлээд турсан нь анзаарагдаж байв.
“Чикаго буллз” багийн супер од Майкл Жорданы зургийгКим харандаагаар зурж суудаг байсныг нь их сургуулийн найз нар нь дурсдаг гэж 2009 онд “The Washington post” сонин мэдээлж байв. Хүүхэд байхаасаа сагсан бөмбөг, компьютерын тоглоомд хорхойсдог байж. Денис Родмантай 2012 онд анх учирсан нь Кимийн уулзсан анхны америк хүн байсан гэж сэтгүүлчид ярьдаг. Энд америк тамирчин Умард Солонгост Ким Жөн Уны хувийн арал дээр нь очсон тухайгаа “Энэ бол Хавай юм уу, Ивистэй төстэй, тэнд Кимээс өөр хэн ч байхгүй” гэж бичиж байжээ. Ким Английн хөлбөмбөгийн Манчестер юнайтед багийн хөгжөөн дэмжигч аж.
Ким Жөн Ун гурван хүүхэдтэй, том нь 2010, 2011 оны аль нэгэнд, дараачийнх нь 2012 оны эцсээр, гурав дахь нь 2017 онд төрсөн гэх мэдээлэл бий. Гэргий Ли Соль Чу нь Ким Ир Сений нэрэмжит их сургууль төгссөн гэдэг. Кимийн эх өөртэй ах Ким Чен Нам нь 2017 онд Куала Лумпурын онгоцны буудал дээр хорлогдож амиа алдсан. Түүний эх Сон Хэ Рим Өмнөд Солонгост төрсөн бөгөөд сүүлчийн амьдралаа Москвад өнгөрөөсөн юм гэнэ лээ. Ким Чен Нам эх орноосоо явж, Макаод бизнес эрхэлж байжээ. Түүнийг бас эцгээ залгамжилна гэдэг байв. Ким Чен Намын гэр бүлийг Хятадын Засгийн газрын хамгаалалтад байдаг гэлцдэг, гэргий, хөвгүүдийнхнэг нь Бээжинд, охин, бас нэг хүү нь Макаод амьдардаг аж. Ким Чен Намын амийг хөнөөх анхны оролдлого 2012 ондхийсэн ч бүтээгүй юм гэнэ лээ. Ким Чен Нам эх өөртэй дүүдээ захидал бичиж “Надад болон манай гэр бүлд оноосон ялаа цуцлахыг би хүсэж байна. Бидэнд гишгэх газар үгүй болсон, ганц боломж байгаа нь зугтах, энэ чинь амиа хорлоно гэсэн үг” гэж байжээ. Кимд бас нэг ах, эмэгтэй дүү бий.
Умард Солонгосын удирдагчид нууцлаг юм олон байдаг, энэ нь бүр нэрнээсээ ч эхэлнэ. Оросын эх сурвалжид түүний нэрийг удаан хугацаанд Ким Чөн Ун гэж бичсээр ирсэн. Одоо түүнийг албан ёсоор Ким Жөн Ы-н гэх болжээ. Кимийг 10-14 настай байх үеийн нэг зураг дэлхийн хэвлэлд олон жил нийтлэгдсэн. Кимийн гэх залуухан охин сүүлийн үед олон нийтийн өмнөгарч ирээд байх болсон гэж Өрнөдийн хэвлэлд бичих болов. Энэ бол одоо 10 гаруй настай, дунд хүүхэд Ким Чу Э юм. Түүнийг төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд эхлээд Ким Жөн Уны “хайртай охин” гэдэг байснаа сүүлдээ “хүндэт охин” гэх болжээ. “Хүндэт” гэдэг нь хамгийн дээдлэлтэй хандаж буйн илрэл. Тухайлбал, Кимийг ирээдүйн удирдагч болохыг нь баталгаажуулсны дараа л “хүндэт нөхөр” гэх болсон байдаг. Түүнийг наймтай байхад эцэг Ким Чен Ир нь залгамжлагчаараа зарласан, тэгэхдээ энэ тухай олон түмний сонорт Ким Чен Ирийг амьсгал хураасны дараа л хүргэсэн аж. Хүү Кимийн гэргий Ли Соль Чуг ч бас 2018 оноос Умард Солонгосын албан ёсны хэвлэл, мэдээлэлд “нөхөр” гэдэг байснаа “хүндэт тэргүүн хатагтай” гэх болсон байна. Ихэд нууцлаг байсан тэргүүн хатагтайг 2019 онд уламжлалаа зөрчин олны өмнөдагуулан гарч ирсэн гэдэг. Хэрэв бидэнд тун ховор олддог мэдээлэлд итгэвэл тэр хоёр сонгодог хөгжмийн концерт дээр анх нүүр учирчээ. Хатагтай Ли 2011 онд Ким Чен Ирийг оршуулах ёслолын үеэр Ким Жөн Уны хажууд байж, анх телевизийн зураглаачийн дуранд өртсөн аж. Үүнээс хойш хэсэг хугацаанд нөхрөө хаана ч явсан дагалдаж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн ЖэИнтэй уулзахад нь ч хамт явж байснаа үзэгдэхээ больжээ. 2022 оны хоёрдугаар сарын эхээр хатагтай Ли олны өмнөгарч ирлээ.
Нүдний шилтэй ахимаг настай эрэгтэй хүнийг Хөдөлмөрийн намын УТТ-ны хурал дээрээс цэргийн хувцастай хоёр хүн аваад гарч байгаа, энэ үйлдлийг Ким Жөн Ун тэргүүлэгчдийн байрнаас хараад сууж буй дүрс дэлхий дахинд теле сувгаар тархасныг бид мэднэ. Тэр хүн бол Ким Ир Сений хүргэн, Ким Чен Ирийн дүүгийнх нь нөхөр Умард Солонгосын Батлан хамгаалах хорооны орлогч дарга, 67 настай Чан Сон Тхэк гэгч байв. Энэ хүн одоогийн удирдагчийн эртний багш нь, түүнийг засгийн эрхэнд гарахад нь тусалсан хүн юм. Бидний олж авсан мэдээллээр бол түүнийг эх орноосоо гурвантаа урвасан хэмээн буудан хороосон аж. Умард Солонгост олны нүдэн дээр хэн нэгнийг цаазлах нь тийм ч ховор юм биш гэлцдэг. Үндэсний оркестрынхоо дөрвөн хөгжимчнийг цаазлах шийдвэрийг Ким Жөн Ун 2015 онд гаргасан байдаг. Тэднийг тагнуулын хэрэгт буруутгасан юм билээ...