Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, цех бүртгэлтэйгээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг 36 үйлдвэр, хөргөлтийн 77 төвд нийт 1600 орчим хүн ажиллаж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Сүү боловсруулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 400 мянган тонн бөгөөд үүний 50 гаруй хувийг л ашиглаж байгаа гэнэ. Түүнчлэн улсын хэмжээнд бяслаг үйлдвэрлэдэг 10 гаруй үйлдвэр, цех, хоршоо үйл ажиллагаа явуулж буй ч жилд хэдэн тонн бүтээгдэхүүн нийлүүлдэг нь тодорхойгүйг салбарын яамнаас мэдээлсэн. Манай улсын 70 сая малын 29 саяыг нь хээлтэгч гэвэл, жилд 1.2 сая тонн сүү бэлтгэх хүчин чадалтай хэмээн мэргэжилтнүүд тооцдог. Гэсэн ч 2022 онд урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 113.6 сая литр сүү боловсруулж, цагаан идээ үйлдвэрлэсэн байна. Энэ нь үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын 25, бэлтгэж болох сүүний 10 орчим хувийг л үйлдвэрийн аргаар боловсруулсан гэсэн үг. Цагаан идээ, тэр дундаа бяслаг импортлоход их хэмжээний хөрөнгө зарцуулдгийн хувьд манай оронд бяслагийн үйлдвэр хөгжих боломж байна уу. Эрэлт, нийлүүлэлт, хэрэглээ, арилжаа ямар байгааг сонирхлоо. Энэ талаар зарим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл ийнхүү ярьж байна.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн супермаркетын салбарын менежер “Манайх экспортын зургаа, дотоодын гурван үйлдвэрийн бяслаг борлуулж буй. Улиралд нэг тонн бяслаг зарлаа гэхэд 70 хувь нь экспортынх, үлдсэн нь үндэсний үйлдвэрлэгчийнх. Мөн гадаадын бяслаг кг нь 60 000-80 000 төгрөгийн үнэтэй бол дотоодынх арай хямдавтар байна. Үнийн хувьд төдийлөн зөрүүгүй, бага зэргийн ялгаатай гэж л ойлгож болно” хэмээн ярив.
Баянзүрх дүүрэгт байрлалтай “Их хайрхан” зоогийн газрын ахлах тогооч Б.Тулга “Монголд үйлдвэрлэсэн бяслагийг экологийн цэвэр бүтээгдэхүүн, цэвэр сүүгээр хийсэн гэж сурталчилдаг ч зоогийн газрын шаардлагад нийцдэггүй гэхэд болно. Пицца болон бяслагтай бусад хоолонд бид үргэлж импортынхыг хэрэглэдэг нь дотоодын үйлдвэрийнх амт султай, хайлж, сунах чанар муутай гэдэгтэй нь холбоотой. Бяслагийн үйлдвэр Монголд хөгжөөд байгаа гэх ч өргөн хэрэглээнд нэвтрүүлэх дүнгийн, мөн амт, чанарын хувьд импортынхтой өрсөлдөх хэмжээний биш байна. Ядаж гадаадынхаас харьцангуй хямд үнэтэй байвал худалдан авч, туршин хэрэглээд байж болох сон” гэв.
Төв аймгийн Баянчандмань сумд үйл ажиллагаа явуулж байсан “Сүүт шим” хоршооны эзэн Г.Хандсүрэн “Бид сүү боловсруулах жижиг оврын төхөөрөмж 2018 онд худалдан авч, бяслаг хийхээр болсон. Цар тахлын улмаас завсардсаар 2021 оны зун бяслаг хийж эхэлсэн бөгөөд ингэхэд сүү маш их зарцуулдаг. Тодруулбал, 100 литр сүү боловсруулж байж 10 кг хүрэхтэй үгүйтэй бяслаг бий болдог. Хадгалж, тээвэрлэх ариун орчин шаарддаг, орон нутгийн иргэд худалдан авдаггүй зэргээс манай хоршооны үйл ажиллагаа зогссон. Мөн дотоодын үйлдвэрүүдэд сүүгээ борлуулсан тохиолдолд литр тутамд нь 500 төгрөг олгодог болсноос бидэнд сүү нийлүүлэх малчид ч цөөрсөн. Ер нь бяслаг хийхэд үйлдвэрлэхээс гадна хадгалах, тээвэрлэх, борлуулахад анхаарах, мөн өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай санагдсан. Үгүй бол уламжлалт бяслагнаас амт, чанарын хувьд ялгарахгүй болдгоос иргэд сонирхохгүй юм билээ” гэв. Эндээс харахад импортын бяслагтай өрсөлдөхүйц амттай дотоодын бяслаг алга гэхэд хилсдэхгүй нь. Мөн дотоодод үйлдвэрлэсэн гэж буй ч үнэ нь өндөр учраас иргэд гадаадынхыг худалдан авах нь элбэг гэхэд болох аж.
...Мөн дотоодын үйлдвэрүүдэд сүүгээ борлуулсан тохиолдолд литр тутамд нь 500 төгрөг олгодог болсноос бидэнд сүү нийлүүлэх малчид ч цөөрсөн. Ер нь бяслаг хийхэд үйлдвэрлэхээс гадна хадгалах, тээвэрлэх, борлуулахад анхаарах, мөн өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай санагдсан. Үгүй бол уламжлалт бяслагнаас амт, чанарын хувьд ялгарахгүй болдгоос иргэд сонирхохгүй юм билээ...
Манай улс олон сая толгой бэлчээрийн малтай, экологийн гаралтай сүү бэлтгэх хүчин чадалтай гэдэг утгаараа сарлаг, ямааны сүүний бяслагийн үйлдвэрийг хөгжүүлж, олон улсад танигдах боломжтой гэдэг. Ийм зорилгоор 2020 онд “Маку” компанийг үүсгэн байгуулж, орон нутагт бяслагийн 100 үйлдвэр барин, жилд 2000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн тооцож байсан ч өдгөө ахиц алга. Тус компанийнхан бага хэмжээнийхийг үйлдвэрлэн, нийлүүлж байгаа аж. Түүнчлэн “Cheese Republic”, АПУ зэрэг компани бяслаг үйлдвэрлэж байна. Тодруулбал, “Cheese Republic” компанийг үүсгэн байгуулагч Я.Энхээ “Импортын бяслагийг малын сүүгээр бус, сүү орлуулагч бусад бодис, амт оруулагч зэргийг хольж хийдэг. Тэгвэл дотоодынхыг бид цэвэр сүүгээр урладаг бөгөөд манай компани 10 төрлийн, экологийн гаралтай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд санал болгож буй. Амталж үзсэн, хэрэглэдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээс үргэлж талархал хүлээдэг. Харин үнийн хувьд импортынхоос төдийлөн дутахгүй байгаад шүүмжлэлтэй хандах нь бий. Үнэ өндөр байдгийн шалтгаан нь орон нутагт малаа саадаг айл цөөн болсон. Саасан ч сүүг нь өндөр үнээр, томоохон үйлдвэрүүдтэй өрсөлдөн худалдан авах болдог.
Мөн малдаа вакцин тариад удаагүй, сүүнийхээ өрөм, цөцгийг нь авчихдаг, хөөрүүлсэн, хөөрүүлээгүй сүүг хольдог зэрэг байдал ажиглагддаг. Сүүний нийлүүлэлт, бэлтгэлийн явцаас шалтгаалж бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа гэж ойлгож болно. Түүнчлэн төрөөс импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урт хугацаанд, зээл, санхүүгээр дэмжих шаардлагатай. Олон улсад нэр хүндтэй бяслагийн үйлдвэрүүд хэдэн арав, бүр зуун жил болж байж танигдан, бүтээгдэхүүн нь брэнд болдог” гэж байв. Тэгвэл ХХААХҮЯ-наас бяслагийн үйлдвэрийг хэрхэн дэмжиж буйг нь тодрууллаа. Тус яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нэгэн мэргэжилтэн “Жижиг, дунд үйлдвэр, ялангуяа импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хэвийн олгож буй. Аль ч аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулаад зээл авч болно. Орон нутагт ч жижиг үйлдвэр, цехүүд, иргэдэд зээл өгч байгаа. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Галт зэрэг 10 сумд бяслагийн иж бүрэн үйлдвэр байгуулахаар төлөвлөн ажиллаж буй” гэлээ. Үүнээс гадна бяслаг нь малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаараа экспортлоход бэрхшээл ихтэй, олон улсын өдөр шалгуур шаарддаг юм байна. Мөн Монголчуудын бяслаг хийх уламжлалт аргаар бол сүүгээ хөөрүүлж шахаад, 5-7 хоногт бэлэн болдог бол олон улсын зах зээлд борлуулах, шинэ хэвээр нь хадгалах бүтээгдэхүүн хийхэд 1-2 жил зарцуулдаг зэрэг нь бяслаг хийхэд хүндрэлтэй, зах зээлээ хангаж чадахгүй хэвээр байх нэг шалтгаан бололтой.