Зам, Тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Жинжөү боомтод ажиллалаа. Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог. Жилдээ 100 сая тн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт.
Манай улсын хувьд жилдээ 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаадаг. Тус импортын ачааны ихэнх нь дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тн ачаа боловсруулдаг. Энэ мэт Тяньжинд үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон 2 дахь гарцтай болох асуудлыг салбарын сайд хөндөж байна.
Тяньжин боомтын өрсөлдөгч Жинжөү боомт манай улсаас хамгийн ойр буюу 866 км. Нийт 3397 мянган метр квадрат агуулах талбайтай, дэлхийн 100 гаруй улс орон, Ази, Америк, Европ, Африк тивийн бүс нутгуудтай навигацийн харилцаатай. Тус боомтыг ашигласнаар чингэлгийн бөөгнөрөл арилж цаашдаа тээврийн үнэ буурч, манай, улсын импортын ачаа саатахгүй, хурдан хугацаанд ирэх боломж бүрдэнэ.
Дээрх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд:
- Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх
- Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Ачаа тээврийн терминалуудыг байгуулах
- Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зэрэг зүүн бүсийн томоохон дэд бүтцийн цогц төслүүдээ Жинжөү хоттой хамтран хэрэгжүүлэх чиглэлээр тус хотын дарга Ван Шиньюй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах ойлголцолд хүрлээ.