Монголын архитекторуудын эвлэл, "Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаа, МСНЭ хамтран "Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлгийг есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр "Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн талаар танилцуулга хийсэн юм.
Уг хэлэлцүүлэгт Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байх үзэл баримтлалд тулгуурлажээ. Тухайлбал, Хархорум хот Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаар танилцууллаа. Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгажээ.