Өвөрхангай аймагт Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-аар хэрэгжүүлсэн төслүүдтэй газар дээр нь танилцлаа. Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас тус аймагт “Хархорум музей барих төсөл” хэрэгжүүлсэн байна. Мөн Япон Улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд аймгийн төвийн “Мэргэд” ерөнхий боловсролын сургуулийн япон хэлний ангийг тохижуулжээ.
“МЭРГЭД” СУРГУУЛИЙН ЖИШИГ АНГИ
“Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд тохижуулсан “Мэргэд” ерөнхий боловсролын сургуулийн япон хэлний ангитай танилцлаа. 2021 оны гуравдугаар сарын 10-нд Японы Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар япон хэлний ангийг засварлах төслийн гэрээнд гарын үсэг зурснаар уг ажлыг эхлүүлсэн аж. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд хэрэгжүүлж дууссан байна. Үүний үр дүнд мэдээлэл, технологийн хэрэгсэл ашиглан хүүхэд бүрт хүртээмжтэй сургалт явуулах боломж бүрджээ.
Япон хэлний ангид ороход цэвэрхэн орчин угтав. Мөн багш, ажилчид, сурагчид бүгд найрсгаар хүлээн авлаа. Үүднээсээ эхлээд бүхий л хэсэгтээ сурагчдын зурсан зураг, бүтээлийг эгнүүлэн өлгөж тохижуулжээ. Түүнчлэн хүүхдүүд хичээлдээ орохоос өмнө ном унших боломжтой жижигхэн булан бий болгосон аж.
Тус сургуулийг 1997 онд байгуулжээ. Сурагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ 1-12 дугаар ангид математикийн гүнзгийрүүлсэн, 3-12 дугаар ангид япон хэлний төрөлжсөн сургалт явуулдгаараа онцлогтой юм байна. 2023-2024 оны хичээлийн жилд 76 багштай, 1000 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэнэ. Багш нарын 92 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Тодруулбал, зөвлөх дөрөв, тэргүүлэх зэрэгтэй нь 32, заах арга зэрэгтэй 14 багш ажиллаж буй. Мөн хичээлийн гурван байртай бөгөөд 28 бүлэгт сурагчид хичээллэж байна.
“Мэргэд” сургуулийн захирал Н.Норгинханд “Манай сургууль 1997 оноос хойших 20 гаруй жилд багш болон хүүхдийн хөгжил, сургалтын орчин нөхцөлөөр аймаг, улсдаа тэргүүлэх түвшинд хүрч чадсан. Бид хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна үндэсний соёлоо эрхэмлэдэг, өв тэгш хүмүүжилтэй болгоход анхаардаг. Мөн өндөр хөгжилтэй улсуудтай харилцаа тогтоож, тэдний соёлоос хүүхдүүддээ үлгэр дуурайл болгохыг зорьдог юм. Үүний хүрээнд 1998 оноос Япон Улстай хамтран ажиллаж эхэлсэн. Түүнээс сурагчдадаа бага ангиас нь япон хэл зааж байгаа. Бас бид 2021 оноос Япон Улсын Такикава хотын “Хоккайдо Такикава” ахлах сургуультай холбоо тогтоож, энэ хичээлийн жилээс япон хэл судалж байгаа хүүхдүүд сард 1-2 удаа цахим сургалтад хамрагдах болсон. Түүнчлэн хүүхдүүд өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмших боломжтой. Үүнд Япон Улсын Элчин сайдын яам, Монгол, Японы төвийнхөн дэмжлэг үзүүлдэг. Бид 2000 гаруй хүүхдэд ерөнхий боловсрол эзэмшүүлж, их, дээд сургуульд амжилттай элсүүлсэн. Үүнээс 1000 гаруй хүүхэд япон хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй болжээ. Сургуулийнхаа Япон хэлний кабинетыг түшиглээд хүүхэд хөгжлийн клуб, дугуйлангууд ажиллуулж байгаа. Шинэ кабинеттай болсноор хүүхдүүдийн япон хэл сурах сонирхол нь нэмэгдсэн” гэв.
Япон хэлний кабинетад сургалтын үйл ажиллагаа хэрхэн явуулдгийг сонирхлоо. Багш нь япон хэлээр сурагчидтайгаа харилцаж, хичээлээ зааж байв. Түүний асуултад хүүхдүүд маш идэвхтэй, нээлттэй, чөлөөтэй хариулж байлаа. 11 дүгээр ангийн сурагч Мишээл “Япон хэлний кабинет тав тухтай, цэвэр цэмцгэр орчинтой болохоор энд хичээлээ хийх дуртай. Бид хичээлдээ олон улсын “U-class” программыг ашиглаж оролцдог. Багш сурагчдын компьютерт шууд холбогддог учир хийж буй зүйлээ хянуулах боломжтой. Хүссэн үедээ комьпютероо ашиглаад суралцах боломжтой нь биднийг илүү шамдахад тусалдаг. Жил бүр манай сургууль дээр япон хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Япон хэл сурч буй бүх хүүхэд үүнд хамрагддаг юм. Манай сургуулийн хүүхдүүд гуравдугаар ангиасаа эхлээд 7-9 жил япон хэл үзэж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн 12 дугаар ангийн сурагч Ц.Санжаажамц “Өмнө нь япон хэлний анхан буюу N5 түвшний шалгалт гурван удаа өгөөд тэнцээгүй. Энэ кабинетдаа хичээллэдэг болсноос хойш ахисан буюу N4 шалгалт нэг удаа өгөөд л тэнцсэн. Цаашид Японд суралцахаар төлөвлөж байгаа” гэв.
“Мэргэд” сургуульд япон хэл заадаг нэг багш байдаг аж. Түүнийг Д.Дуламсүрэн гэдэг. Тэрбээр “Япон хэлний багшаар 25 дахь жилдээ ажиллаж байна. “Мэргэд” сургууль байгуулагдахад багшаар ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд Японы Засгийн газрын тэтгэлгээр болон сурагч солилцоогоор тус улсад сурч, амьдарч, ажиллаж байгаа шавь олон бий.Одоогоор 300 гаруй хүүхэд япон хэл сурч байна. Япон хэлний кабинеттай болсноор хүүхдүүдийн идэвх илүүнэмэгдсэн” гэлээ.
Япон Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико “Соёлын өвсний үндэс” төслийн хүрээнд энэ удаа “Мэргэд” сургуулийн япон хэлний ангийг нээсэн. Ангийн шал, хаалга, тааз, гэрэл зэргийг шинэчиллээ. Үүнээс гадна 32 комьпютер, ухаалаг самбар, принтер зэрэг тоног төхөөрөмжийг суурилууллаа. Хүүхдүүд маш гамтай хэрэглэж байгааг хараад их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
ҮНЭТ ОЛДВОРООР БАЯЛАГ “ХАРХОРУМ” МУЗЕЙ
Монголы эзэнт гүрний нийслэл байсан Хархорум хотын туурь Улаанбаатараас баруун урагш 350 км газарт байрладаг. Хотын туурьт Монгол Улсын Засгийн газар, Японы ЮНЕСКО-гийн Итгэлцлийн сан, Герман Улсын Боннын их сургуулийнхан хамтран малтлага, судалгаа хийсэн аж. 2004 онд уг малтлагын олдворуудыг хамруулан “Орхоны хөндийн соёлын өв” хэмээн ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлжээ. Ингэснээр туурийг хамгаалах, судлах, нээлттэй болгох нөхцөл бүрджээ. Гэвч олдворуудыг хадгалах, хамгаалах байр байгаагүйгээс ихэнхийг нь Боннын их сургуулийн харьяанд байдаг зочид буудлын агуулахад хадгалж байсан гэнэ. Шаардлага хангаагүй орчин нөхцөлд, ялангуяа өвлийн хүйтэнд эд өлгийн зүйл муудаж, гэмтэхээс болгоомжлон ЖАЙКА-аас “Хархорум музей барих төсөл” хэрэгжүүлэн эхлүүлжээ.
“Хархорум” музейн захирал Т.Баяраа “2010 онд Японы буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаар 6.7 тэрбум төгрөгөөр манай музейг байгуулсан. Орхоны хөндий дэх археологийн дурсгал, үзмэрийг хадгалж, хамгаалах зорилгоор байгуулсан юм. Үүнээс хойш 13 жилийн хугацаанд гадаадын 90 мянга, дотоодын 60 мянган хүн үйлчлүүлсэн байна. Манай музей 32 ажилтантай. Үүнээс мэргэжлийн 20 ажилтантай. 2018, 2019 онд музей үзэгчдийн тоо жилд 20-23 мянгад хүрч байв. Тухайн үед музейн аялал жуулчлалын маршрут зөвхөн Хархорин руу чиглэж байсан. Тэгвэл одоо баруун аймаг руу гол урсгал чиглэж байгаа. Иймд музейн үзэгчдийн тоо цөөрсөн. Манай музейг Европын жуулчид түлхүү үзэж байна. Бид Японы судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн сард Япон Улсын музейн Зүүн Азийн хадгалалт, хамгаалалтын хуралд хамрагдаад ирсэн. Цаашид анхаарах зүйл гэвэл музейн өргөтгөлийн барилга барих юм. Хархорум хотын туурийн малтлага, судалгааны ажил дөнгөж эхэлж байна. Энэ бол XIII зуун, түүнээс өмнөх үеийн түүх соёлыг хадгалсан газар. Үүнийг олон түмэнд таниулан сурталчлахын тулд музейг өргөтгөх шаардлагатай. Бас одоогийн барилгыг бариад 13 жил болсон учраас засвар хийх ёстой болсон. Манайх жуулчдын гудамж байгуулж, аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг болгох зорилготой ажиллаж байна” гэв.
“Хархорум”-ын барилга нь олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей гэдгээрээ онцлогтой юм билээ. 1400 гаруй үзмэр байнгын сан хөмрөгт. Судалгааны сан хөмрөгтэй нийлбэл 4000 гаруй үзмэртэй гэнэ. Мөн “Монголын уламжлалт тоглоом наадгайн төв” байгуулан, хүүхэд, залуучуудад боловсрол олгох үйл ажиллагаа явуулдаг. Байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд мэлхий чулуун нуруун дээр босгож байсан гэрэлт хөшөөний хэсэг, барилгын материал шатаасан зуухны үлдэгдэл, сүмийн шалан доорх халаалтын системийн үлдэгдэл, Чингис, Өгэдэй, Гүюг хааны хийлгэсэн мөнгөн зооснууд гэх мэт олон чухал олдворыг дэлгэн үзүүлсэн байлаа.
“Хархорум” музейн тайлбарлагч С.Энхмэнд “Манай музейд чулуун зэвсгийн үеэс XIV зуун, ялангуяа Хархорум хоттой холбогдолтой олдворуудыг үзэх боломжтой. Монгол, Германы экспедиц 1999 оноос хойш Хархорум хотын туурьт малтлага хийсэн. Малтлага, судалгааны үр дүнд олж илрүүлсэн олдворуудыг үзэх боломжтой. Музейг барьснаар үзмэрүүдийг удаан хугацаанд хадгалах, хамгаалах боломж бүрдсэн. “Хархорум” музейн сан хөмрөг нь Орхоны хөндийн ойр орчимд байгаа бусад экспедицийн малтлага, судалгааны үр дүнд гарсан олдворуудаар баяжсаар байна. Судалгааны сан хөмрөг дэх олдворуудыг судалж, шаардлагатай тохиолдолд сэргээн засаад, байнгын сан хөмрөгтөө авдаг. Манай сор болсон үзмэр нь Чингис хаан болон түүнээс хойш их монгол хаадын 60 ширхэг үнэт зоос. Алт, мөнгө, зэс зооснууд бий. Мөн чулуун дурсгалууд, монгол, хятад бичээстэй хөшөө зэрэг байна. Тухайлбал, Чингис хаан 1220 онд Хархорум хотыг байгуулах зарлиг буулгасан тухай бичсэн хөшөөний хэсэг бий. Энэ бол 2003 онд Эрдэнэ Зуу доторх Цогчин дуганы тууриас олдсон, өөр хаана ч байхгүй хосгүй үнэт үзмэр. Чингис хаан Хархорум хотыг байгуулсан гэдэг боловч баримтаар нотлогдоогүй байсан. Тухайн хөшөөний хэсэг олдсоноор Чингис хаан Хархорумыг байгуулсан нь нотлогдсон” хэмээлээ.
Япон Улсын суурин төлөөлөгч Кавабата Рэико “ЖАЙКА 2010 онд хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд энэ музейг байгуулсан. Үүний дараа заавар, зөвлөгөө өгөх зорилгоор 2013-2015 онд сайн дурын хоёр гишүүн энд ирж ажилласан. Нэг нь музейн сан хөмрөгийн мэргэжлийн хүн. Нөгөөх нь орон нутгийн хөгжлийн ажилтан байсан. Тэд музейн үзмэрүүдийн тайлбар төдийгүй бэлэг дурсгалын дэлгүүрийн менежментийн чиглэлээр заавар, зөвлөгөө өгч байв. Тэгвэл өдгөө аялал жуулчлалын зөвлөх ажиллаж байгаа. Одоогоор аялал жуулчлалын мэргэжилтэн, сайн дурын ажилтан ажиллуулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна” гэв.
Музейн хамгийн сонирхолтой хэсэг нь дээвэр дээрээ гарч болдог ба тэндээс “Эрдэнэ Зуу” хийд болон Хархорин сумыг ажиглан харах боломжтой.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам