Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр Эстонид айлчилж, тус улсын Цахим засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авснаар төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимжсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталж, “Хур” болон “Дан” системийг шинэчлэн, “И-Монголиа” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглалтад оруулсан юм. Эл системийн хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт төрийн 1000 гаруй үйлчилгээг нэгтгэн, НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол Улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны үр дүнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллээс 750 мянга гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn-д нээлттэй болоод байна.
Эстонийн Таллин хотод зохион байгуулж буй “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний VIII уулзалтаас “Нээлттэй засгийн түншлэл” (OGP) Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлэн, ЦХХХЯ, “И-Монгол” академид “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ. Нээлттэй засгийн үнэлгээнд өндөр оноо авч, олон улсад үнэлэгдсэн нь манай орны бизнесийн орчинд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг сэргээсэн үйл явдал болоод зогсохгүй авлигагүй, ил тод байдалд өгсөн тус үнэлгээ нь авлигын индексийг бууруулахад ч том түлхэц болох юм. Ташрамд дуулгахад, “Нээлттэй засгийн түншлэл” байгууллага нь хоёр тэрбум гаруй хүн буюу 75 улс, орон нутгийн засаг захиргааны болон иргэний нийгмийн олон зуун байгууллагыг хамардаг аж. 2011 онд Засгийн газрын тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд ил тод, оролцоотой, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг дэмжихийн тулд эл өвөрмөц түншлэлийг бий болгосон билээ.