Японы ОСС компанийн үйлдвэрлэсэн, далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурт суурилуулжээ. Тухайлбал, Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд Хөвсгөл нуурын хөвөөг дагуулан, усан доогуур шилэн кабель суурилуулсан гэнэ. Ингэснээр аялал жуулчлалын эл бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдсэн байна. Түүнчлэн уг ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг усан доогуур суурилуулснаараа онцлогтой аж. ОБЕГ, “Монголын цахилгаан холбоо”, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын газар, Монгол Улсын Далайн захиргаа болон Японы KDDI сан, OCC компанийнхантай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Шилэн кабель суурилуулах санхүүжилтийг ЦХХХЯ- -наас Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийн хүрээнд шийдвэрлэжээ. Төслийн ерөнхий санхүүжүүлэгч нь Япон Улсын KDDI сан юм байна.
Бэлтгэсэн: М.Оч