Монголын банкны холбооноос гаргадаг “Банкны салбарын тойм” судалгааны энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг өчигдөр танилцуулав. Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд өсөлттэй, нийт актив нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгдсэнийг дурдлаа. Эл хугацаанд иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авсан аж. Уул уурхай, худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурч, үйлчилгээнийхэд өгсөн нь нэмэгджээ. Барилга болон худалдааны салбарын зээлийн чанарт анхаарал хандуулах шаардлагатайг дээрх тоймд тэмдэглэсэн байв.
Системийн нөлөө бүхий таван банк IPO хийн 447 тэрбум төгрөг татан төвлөрүүлж өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснийг мөн дурджээ. Эдийн засаг өсөж, ашигт ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд нь сайн гарсан ч хувьцааных нь ханш буурч буй нь урт хугацааны, мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүйтэй холбоотой гэв. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын 2-3 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлж буй аж. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа ч уул уурхайгаас бусад салбарын өсөлтийг хангах орчин нөхцөл бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөлтийг хадгалж чадахгүйг мөн анхааруулсан юм. Цаашид Оюутолгойн гүний уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын урсгал хэвийн байвал эдийн засаг үргэлжлэн өсөх төлөвтэй гэнэ. Гэвч бусад салбарын сэргэлтийг хурдасган, эдийн засгаа төрөлжүүлэхгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт манай улсад сөргөөр нөлөөлөх төлөвтэйг санууллаа. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй аваас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжгүй гэв.
Бэлтгэсэн: Б.Сонор