Оросын нисэх хүчний мэдээлснээр бизнесмен Евгений Пригожин наймдугаар сарын 23-нд Тверь мужид сүйрсэн “Embraer legacy” онгоцонд сууж явжээ.
2019 оны арванхоёрдугаар сарын 11-нд Конгод цэргийн ачааны “Ан-72” онгоц сүйрсэн юм. Түүнд найман хүн сууж явсны дунд Ардчилсан Конго улсын Ерөнхийлөгч Феликс Чисекидийн захиргааны ажилтнууд байж. Уг ослоор амиа алдсан хүмүүсийн дотор Евгений Пригожины нэр байв. Гэхдээ энэ бизнесмен үхсэн гэх мэдээлэл нотлогдсонгүй. Хэсэгхэн хугацааны дараа тэрбээр хүмүүстэй холбогдож, өөрт нь муу юм тохиолдоогүй гэсэн байна. Энэ ослоор 61 настай Владимир Садовничий, 64 настай Виталий Шумков гэдэг хоёр орос амь үрэгджээ. Тэд ЗХУ-ын үеэс энд үлдсэн цэргийн техникийг засахад конго хүмүүсийг сургаж байсан аж. Үүний зэрэгцээ 2022 онд “Telegram” сувгаар Пригожин Луганск мужид амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл бас тарсан ч бизнесмен өөрөө үүнийг няцаав.
Тверь мужид осолдсон онгоцоор зорчигчдын дотор Пригожиноос гадна “Вагнер”-ын командлагч Дмитрий Уткин, Пригожины ложистикийн албаны тэргүүн Валерий Чекалов болон бусад хүнбайжээ. Ямар ч тохиолдолд “Вагнер” хэмээх хувийн армийг нэгэн далайлтаар эзэнгүй болгочихгүй байх үүднээс түүний гурван командлагч Пригожин, Уткин, Чекалов нар урьд нь нэг онгоцоор огт явж байгаагүй ч энэ удаа хамт ниссэнболжтаарав. Пригожин өөрөө ямар үүрэг гүйцэтгэдгээ мэддэг учраас мөрөө дандаа баллаж, нэг онгоцонд суухаар бүртгүүлчихээд өөрөөр ниснэ, өөртэйгөө төстэй хүн ашиглана гэж “Telegram” сувагт бичиж байсан юм.
Тэгтэл Африк, Арабын хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл Пригожин Мали улсад байгаа гэж наймдугаар сарын 24-нд мэдэгдэв. Францын зүгээс хийж болзошгүй дайралтыг няцаах зорилгоор Пригожин Малид байна. “Орос баавгай” Америкийн тусгай албад аль-Багдади болон бен Ладеныг “устгасан” шиг өөрийн үхлийг хуурамчаар зохион байгуулжээ гэж эх сурвалж мэдээлжээ. Евгений Пригожин “Вагнер”-ын удирдагчдын хамт өөр онгоцонд суусан байх магадлалтай. Тэд наймдугаар сарын 25-нд Нигеридирэх ёстой байсан хэмээн Арабын сэтгүүлчид мэдээлсэн. “Пригожин амьд, битгий баярла. Тэр одоо Малид, тодруулбал, Нигеритэй залгаа хил дээр байгаа. Орост онгоц дэлбэрсэн гэдэг нь хэвлэлийн дэглэсэн жүжиг” гэж “Арабын Африк”-төгүүлжээ.
Пригожины үхэл нь зохиомж байхыг Америкийн “Washington post” сонин үгүйсгэсэнгүй. Уг сонинд мэдээлснээр сүйрсэн онгоцонд бизнесмений дуураймал дүр нь явж байсан бололтой. Пригожины гэрт нэгжлэг хийхэд өөрийгөө танигдуулахгүй байх зорилгоор өмсөх хувцас, хиймэл үс, хуурамч паспорт олдсон гэнэ.
“Бослого гаргах хүртлээ Пригожин аюулгүй байдлаа сахих өндөржүүлсэн арга хэмжээ авч, нисэх цаг, газраа сольдог байсан. Гурван онгоцныхоо байрлалыг, нислэг хийх замаа өөрчилнө. Дуураймал дүрээ байсхийгээд ашиглана. Онгоцнууд нь байнгын харуул хамгаалалттай. Орос хүн домог ярианд итгэмтгий. Пригожин амьд гэх үлгэр цаашид олон жил хүмүүсийн толгойг эргүүлсээр байх болно” гэж“Telegram” сувгийн мэдээлэгчид тэмдэглэжээ.
Британийн “Guardian” сонины шинжээчид Пригожингүйгээр хувийн цэргийн “Вагнер” компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй гэж үзэж байна. Сэтгүүлчдийн бодлоор түүнийг орлох хүн олдох нь юу л бол. Тус бүлэг Африкт ихээхэн бэрхшээлтэй нүүр тулгарна хэмээн дээрх сонин онцолжээ. Сонины мэдээлж буйгаас үзвэл Африк тивд Пригожин хээрийн цэргийн командлагчид, цэргийн дэглэмтэй Засгийн газрууд, улстөрчид, нөлөө бүхий үйлдвэрлэгчидтэй өргөн хэлхээ холбоотой байжээ. “Вагнер” тарж, түүний суурин дээр шинэ бүтцүүд бий болно гэж Францын “Le Figaro” сонин үзэж байна. “Өөрийг нь амиа алдсан тохиолдолд юу хийх талаар Пригожин зааварчилгаа үлдээсэн байлаа ч түүнгүйгээр “Вагнер” урьдын хэвээр ажиллаж чадахгүй” гэж тус сонины нийтлэлд өгүүлэв.
Францын шинжээчдийн таамаглаж буйгаар Африк хийгээд Ойрхи Дорнод дахь оролцоогоо хадгалахыг “Вагнер” хичээнэ. Харин Пригожины бизнесийн бусад чиглэл өөр эзний гарт шилжих магадлалтай аж. Пригожиныг амь үрэгдсэнээс хойш “Вагнер” бүлгийн бүтэц өөрчлөгдөж, үр дүнд нь Кремльтэй харилцаа нь бэхэжнэ гэж CNN теле суваг үзэж байна. “Нэг хэсэг нь Оросын армийн мэдэлд очиж, зарим нь зэвсгээ хураалгаж, гурав дахь нь шинэ удирдлагынхаа дор хагас бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулна” гэж тус сувгийн сайтад өгүүлжээ.
Британийн “Reuters” агентлагийн мэдээлснээр Пригожины хөлөглөдөг “Embraer legacy-600” онгоц аюулгүй байдал нь сайн хангагдсан унаа гэгддэг байна. “Гэнэт унахын өмнө онгоцны ямар нэг юм хэвийн биш байгаа нь ер мэдэгдээгүй” гэж уг онгоцны үйлчилгээ хариуцсан төлөөлөгч “Reuters” агентлагт хэлжээ. Японы “Nikkei” сонинд мэдээлснээр ийм онгоцыг Бразилд үйлдвэрлэдэг, түүнийг ашиглах болсноос хойших 20 гаруй жилийн хугацаанд ганц л удаа золгүй явдал тохиолдсон аж. Тус сонинд бичсэнээр бол эхний хийгээд эцсийн энэ осол 2008 онд жолооч, диспетчерийн чадвар болон холбооны тоног төхөөрөмжөөс болжээ. Пригожины сууж явсан онгоц техникийн хувьд дутагдал доголдолтой байсан байж болох бөгөөд уг онгоцыг үйлдвэрлэгч нь Оросын эсрэг тавьсан олон улсын хоригийг мөрдөж, 2019 оноос Оросын онгоцонд техникийн үйлчилгээ үзүүлэхээ больсон байв.
Тверь мужид тохиолдсон явдлыг мөрдөн шалгахаар байгуулагдсан тусгай комисс онгоцны багийн бэлтгэл, онгоцны техникийн байдал, нислэгийн маршрутын дагуух газрын цаг агаарын байдал болон осолд ороход нөлөөлсөн байж болох бусад хүчин зүйлийг судална гэж Туркийн төрийн мэдээллийн “Anadolu” агентлаг мэдээлсэн байна. Британийн шинжээч Кейр Жайлс “Африкаас хийсэн шинэ бичлэгт Пригожин удахгүй гараад ирвэл бид гайхахгүй” гэж хэлснийг Америкийн “Washington post” сонин мэдээлжээ. Пригожин амьд байж болзошгүй. Тэрбээр нэг онгоцоор нисэхээр бүртгүүлээд өөр онгоцоор ниссэн гэж Сербийн “Lmponter” сонинд бичив. Түүнд бичсэнээр бол эмгэнэлт үйл явдал болохын өмнөхөн Пригожиныг Африкт байхыг нь хүмүүс харсан байна.
Пригожины үхэлд хэн гараа дүрсэн байж болох вэ. Катарын “Al Jazeera” агентлаг онгоцны ослыг золгүй тохиолдол гэж үзэхгүй байна. Эндхийн сэтгүүлчдийн үзэж буйгаар Пригожиныг зайлуулах ажиллагааг “Вагнер”-т хамтран зүтгэж явсан хүмүүс нь зохион байгуулсан байж тун болзошгүй аж. “Вагнер” бүлэг дотор Пригожиныг бослого дэгдээсэнд урам хугарсан хүмүүс байсан, тэд л түүний устгасан” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах байсан П.Ж.Кроули хэвлэлийнхэнд ярьжээ. “Al Jazeera”-гийн улс төр судлаач Марван Бишара “Вагнер” зөвхөн Африк төдийгүй Арабын хэд хэдэн улсад тухайлбал, улс төрийн удирдагчид нь Пригожинтой сайн харилцаатай байдаг Сири, Ливид чухал тоглогч байсан гэж тэмдэглэсэн байна. Энэтхэгийн “India today” сонин онгоцны осолд Украины тусгай албад оролцсон байж болзошгүй гэж таамаглав. Пригожины үхэл Украин дахь байлдаанд ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж Саудын Арабын“Arab news” сонинд бичжээ. “Вагнер”-ын дайчид Украин дахь дайнд оролцохыг хүсэж, байнгын армийн бүрэлдэхүүнд нэгэнт орсныг зарим хэвлэлд бичиж байна.
Пригожиныг дэмжиж байсан хүмүүс хэт айсны улмаас түүнээс өрсөж хөдөлсөн байж болох юм гэж зарим сэтгүүлч үзэж байхад “тэр зохих шангаа хүртсэн” гэх хүн ч цөөнгүй бий. Ямар ч байсан түүний амийг хөнөөх сонирхолтой хүчин байсан байж таарна.