Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Биндэр сумд улсын төсвийн хөрөнгөөр байгуулсан “Их хуралдай” цогцолборыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Улсын комиссынхон уг байгууламжид өнгөрсөн долдугаар сард ажилласан ч засаж сайжруулах зүйл цөөнгүй байсан тул ийнхүү хойшлуулж, хоёр сар орчмын дараа хүлээн авчээ. Үүнийг есөн хөлт цагаан тугийн бэлгэдэлт байгууламжийн зориулалтаар төлөвлөсөн тул зохион байгуулалтыг нь монгол гэрийн хэв шинжтэйгээр шийджээ. Цогцолбор нийт 125 га талбайг хамрах бөгөөд гол өргөө нь 21 метрийн диаметр бүхий хагас бөмбөрцөг хэлбэртэй, зоорийн давхартай, 300 хүний багтаамжтай гэнэ. Гадаад, дотоодын жуулчид тус цогцолборт очсоноор Их Монгол Улсын түүх, төрт ёсны уламжлалтай танилцаж, есөн хөлт цагаан тугийн бэлгэдлийн өргөөгөөр зочлох боломжтой.
Цогцолборын загвар зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, сийлбэрч Д.Төртогтох гаргасан бол гаднах тохижилт, зоорийн давхар, шугам сүлжээний ажлыг “Нутгийн баруун мод”, “Мөнх өргөө” ХХК-ийнхан гүйцэтгэжээ. Түүхэн байгууламжийн эх загварыг гаргасан зураач “Их хуралдай” Монгол Улс дахь хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалт болно” хэмээн тодотгож байжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл