Монгол-Хятадын дөрөв дэх экспо есдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн экспо нь оролцогч аж ахуйн нэгжийн тоог 30 хувиар өсгөж, нийт 35 орны бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж цар хүрээгээ өргөжүүлсэн онцлогтой болж байна. Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 500 аж ахуй нэгж оролцож байгаагийн 95 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Салбар чиглэлийн хувьд 99 хувь нь уул уурхайн бус буюу хүнс, мал аж ахуйн салбарын баялаг бүтээгчид байгаа юм. Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна.