Газрын тосны томоохон үйлдвэрлэгч Саудын Араб, ОХУ энэ оныг дуустал нийлүүлэлтээ багасгахаа мэдэгдсэнтэй холбоотойгоор эл таваарын ханш сүүлийн 10 сарын дээд түвшиндээ хүрсэн тухай “Reuters” дамжуулав. Тодруулбал, “Brent” маркийн баррель нефтийн ханш өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-наас хойш анх удаа 90 ам.доллар боллоо. WTI маркийн нефтийн үнэ ч дээрх хугацаанаас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрч, баррель нь 86.7 “ногоон”-той тэнцсэн байна. Дээрх орнуудыг нийлүүлэлтээ аравдугаар сард бууруулна хэмээн хөрөнгө оруулагчид таамаглаж байсан бөгөөд хугацааг нь дээр дурдсанчлан сунгана гэж төсөөлөөгүй аж. Саудын Араб гэхэд өнгөрсөн долдугаар сараас нийлүүлэлтээ бууруулж эхэлсэн юм. Эдгээр улсын зүгээс нөхцөл байдлыг харгалзан нийлүүлэлтийн хэмжээгээ сар бүр өөрчилж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. UBS банкны шинжээч Гиованни Стауново “Энэ оны дөрөвдүгээр улиралд өдөрт 1.5 сая гаруй баррель газрын тосны хомсдол үүсэж болзошгүй гэж бид таамагласан” хэмээн өгүүлжээ. Тус банкныхан “Brent” маркийн баррель газрын тосны үнэ 2023 оны эцэст 95 ам.долларт хүрнэ гэж таамагласан аж. Ташрамд дурдахад, “Brent”, WTI төрлийн бүтээгдэхүүний фьючерс ханш өнгөрсөн зургадугаар сарын эцсээс хойш 20 гаруй хувиар өсжээ. Хойд хөршөөс манайд нийлүүлэх шатахууны хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орох, эсэхийг АМГТГ-аас тодруулахад “ОХУ-аас нийлүүлэх бүтээгдэхүүнийг гэрээний дагуу авна, хэмжээнд өөрчлөлт орохгүй” гэв.
Бэлтгэсэн: Б.Сонор