Нийслэлд сургуулийн хүртээмж тааруу, хичээллэх танхим хүрэлцээгүй, заримд нь сандал, ширээ ч дутуу байна. Цаашлаад нэг ангийн сурагчийн тоо 45-аас хэтэрсэн зэрэг асуудал хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ар араасаа хөвөрлөө. Түүнчлэн ачаалал ихтэй гэх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, зарим нь аргаа бараад цахим сургалтад шилжиж байна. Нийслэлийн Боловсролын газраас 2023-2024 оны хичээлийн жилд нийт 47 сургуулийн 33 000 хүүхэд гурван ээлжид шилжих нь гэсэн тооцоолол гаргажээ. Өчигдрийн байдлаар 10 сургуулийн 159 бүлгийн 6130 сурагч цахимаар хичээллэж байв. Зарим сургууль байр түрээсэлж, ангиудаа нүүлгэж буй гэнэ. Ийм нөхцөл байдалтай тулгарсан хэд хэдэн сургуулиас сурвалжилга бэлтгэлээ.
Баянзүрх дүүргийн нутаг Улаанхуаранд байрладаг ерөнхий боловсролын 53 дугаар сургуульд өдгөө 4600 хүүхэд суралцаж буй. Харин тус сургуулийн байр 3000 хүүхдийн багтаамжтай. Иймээс байр түрээсэлсэн ч асуудлаа бүрэн шийдэж чадаагүй гэнэ. Нэг ангид дунджаар 40-55 хүүхэд суралцдаг аж. Дунд ангийг хариуцсан ахлах менежер “Манай сургуульд ойролцоох таван хорооны хүүхдүүд суралцдаг. Сургуулиас холгүй түрээсийн байр хайж арайхийн олсон. Түрээсийн байр хөлслөөд ч танхим хүрэлцэхгүй хэвээрээ байна. Ачаалал улам нэмэгдэж байгаа учраас манай сургуульд өргөтгөл барьж өгөөч гэсэн хүсэлтийг холбогдох байгууллагынханд удаа дараа гаргасан. Өөрсдийн хэмжээнд нэг бүлгийн сурагчдыг хувааж, бусдад нь тараан хуваарилалаа. Нийт 350 хүүхдийн сандал, ширээ дутуу. Бид Боловсрол, шинжлэх ухааны яаманд өнгөрөгч зургадугаар сард хандаж, сурагчийн тоо нэмэгдэх судалгааг урьдчилан танилцуулаад, 160 сурагчийн сандал, ширээ захиалсан юм. Өнөөдөр 80 хүүхдийн сандал, ширээ өгнө гэсэн. Ажилчид маань сандал, ширээ ийж байгаа. Одоо ч хийж л байна. Одоогоор 20 сандал, ширээ хийж дуусгалаа” гэв.
Баянгол дүүргийн зургадугаар хороонд байрладаг “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа хэмээн саяхан Улсын комиссоос мэдэгдсэн. Гэтэл тус сургуульд очиход хараахан ашиглалтад оруулаагүй байв. Хэдэн жил “царцсан”-ы эцэст арайхийн өргөтгөлөө барьж дуусгасан ч гурван ээлжээр хичээллэхээр байгааг тус сургуулийнхан хэлсэн. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 16 бүлэг байгуулжээ. Мөн бага ангийн нийт 3409 сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Өмнөх жил “Эрхэт эрдэм” хувийн сургуулийн байрыг түрээслэн, зарим сурагчаа тэнд хичээллүүлсэн гэнэ. Харин энэ жилээс байр түрээслэхээ больсон байв. Багш нар нь өрөө байхгүйгээс коридортоо суудаг. Бас коридорынхоо зарим хэсгийг анги болгон тохижуулжээ. Тийм ангиудаар ороход нарийхан, багтаамж муутай, агаарын солилцоо бараг байхгүй, ширээнүүд нь хоорондоо ойрхон байсан. Тус сургуулийнхан “Өргөтгөлийн байрыг ашиглалтад орууллаа ч коридорт байгаа танхимаа ашиглахаас өөр аргагүй. Мөн зарим ангиа тарааж, сурагчдыг бусад бүлэгт нэмэн хуваарилсан. Өнгөрсөн жилүүдэд манай сургуулиас 60 хүүхэдтэй анги төгсөж байв” хэмээсэн.
Ерөнхий боловсролын 12 болон 161 дүгээр сургуулийнхан цахимаар хичээллэж байгаа гэнэ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг 161 дүгээр сургуулийн шинэ барилгыг барьж дууссан гэх боловч сурагчдаа хүлээж авалгүй хоёр жил цахимаар хичээллэжээ. Сурагчид болон эцэг, эхийн төлөөлөл үүнийг эсэргүүцэж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд өнгөрөгч мягмар гарагт шаардлага хүргүүлсэн. Тэд “Эрх баригчид бусдын хүүхдийн төлөө сэтгэл гаргаж ажиллахгүй байна”, “Хүүхдүүд суралцах эрхээ эдэлмээр байна”, “Цахимаар хичээллэхийг эсэргүүцэж байна” зэргийг бичсэн лоозон барьж жагссан. Үүний дагуу албаныхан газар дээр нь очиж танилцаад гацаад байсан асуудлыг шийдэхээр болсон гэнэ.
Мөн энэ сарын 18-наас эхлэн танхимаар хичээллэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг ч хэлжээ. Энэ талаар тус сургуулийн захирлаас тодруулахад “Манай сургуулийн барилгыг БНХАУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар барьсан. Аль хэдийн барьж дууссан боловч бохирын шугамын ажил бараг жил гаруйн хугацаанд гацаж, удааширлаа. Үүнээс болж энэ жил бас л цахимаар хичээллэхэд хүрсэн. Уг нь ажлын нийт төсөв болох 1.6 тэрбум төгрөгийг Сангийн яамны нөөц хөрөнгөөс гаргаж шийдсэн юм. Гэсэн ч өмнөх оны аравдугаар сард газар хөлдсөн гэх шалтгаанаар уг ажлыг гүйцэтгэгч компани хугацаанд нь дуусгаж чадаагүй сунжруулсан. Мөн ажил гүйцэтгэх явцад нь хөрсний ус гарч ирсэн гэсэн. Манай сургуулийнхан барилгаа хурдан ашиглалтад оруулахын тулд ажил гүйцэтгэж байсан хүмүүсийн цай, хоолыг нь хүртэл зөөж үйлчилсэн. Уг компани ажлаа хугацаанд нь хийгээгүйгээс хүүхдүүд хохирч, цаашлаад иргэдийг талцуулахад хүргэлээ. Хичээлийн эхний өдөр бүх хүүхдээ нээлтэд оролцуулаад, цахимаар хичээллүүлэхээр тараасан” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг 12 дугаар сургуулийн байрыг өнгөрсөн жил нурааж, шинэ барилгын ажлыг эхлүүлжээ. Барилгын чанар муудаж, ашиглалтын хугацаа хэтэрсэн тул нураахад хүрсэн аж. Эднийх 2018 онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн, Улаанбаатарын ууган сургуулийн нэг юм. Нийт 3000 суралцагчтай аж. Биднийг очиход дунд ангийнхан цахимаар, ахлах ангийнхан түрээсийн байранд хичээллэж байв. Тус сургуулийн бага ангийн сургалтын албаны эрхлэгч .Одончимэг “Манайд Сонгинохайрхан дүүргийн 18 болон 38 дугаар хорооны хүүхдүүд суралцдаг. Ахлах ангийнхан “Дөт сайхан” айранд энэ жилээс хичээллэж байгаа. Бага анги нийт 34 бүлэгтэй. Нэг анги дунджаар 45 хүүхэдтэй. Зарим бүлэгт хүүхдийн тоо 50 хүрдэг.
Энэ жил барилгын ажлаас болсон уу, бүртгэлтэй байсан цөөнгүй хүүхэд . Багш нар ачаалалтай ажилладаг. Бага ангиуд энэ жил бас л гурван ээлжээр хичээллэж байна. 153 дугаар сургууль дээр тавдугаар ангийн зургаа, дөрөвдүгээр ангийн дөрвөн бүлэг хичээллэж байгаа. Хүүхдүүдийн гэр тус сургуулиас зайтай болохоор эцэг, эхчүүд өдөр бүр хуваарь гаргаад, ээлжлэн зөөдөг. Манай өргөтгөлийн байранд 1100, 153 дугаар сургуульд 500 гаруй хүүхэд суралцаж байна. Шинэ барилгыг ажилчид нь үе шаттайгаар ашиглалтад оруулна гэж сонссон. А корпусыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж чадвал нэн түрүүнд цахимаар хичээллэж буй 6-9 дүгээр ангийн сурагчдаа хүлээж авах юм. Ноднин нэг ангид бараг 53 хүүхэдтэй байсан. Энэ жил нэг ангид 45 хүүхэд суралцуулах зохицуулалт хийж байгаа. Бид “Мандах” их сургуулийн хичээлийн байрыг түрээсэлж байсан. Гэтэл тэднийх бас барилгаа нураасан” гэв.
Баянзүрх дүүрэгт байрладаг 44 дүгээр сургуульд бас сурагчид нь багтахгүй, ачааллаа дийлэхгүйд хүрээд буй юм билээ. Тус сургуулийнхантай холбогдож, ачаалал хэр байгааг лавлахад “Манай сургууль нийт 113 бүлэгтэй. Нэмж 640 хүүхдийн суудалтай өргөтгөл бариад, ноднин ашиглалтад оруулсан. Гэсэн ч хүүхдүүд гурван ээлжээр хичээллэсэн хэвээр байна. Ялангуяа энэ жил ачаалал ихэссэн. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн тоог 45-аас дээш гаргахгүй гэсэн бодлого баримталж буй. Гэсэн ч түрээсийн байр, сандал, ширээгүй болохоор дээрх тоонд барихад хүндрэлтэй байгаа. Мөн сургуульдаа сурагчдыг багтаахын тулд бүлгээ цөөлсөн. Манай сургуулийн хувьд найман ангийн сандал, ширээ огт байхгүй. Бид хэзээ ирэх бол гээд хүлээж байна” хэмээсэн.
Энэ мэт бэлтгэл ажил хангалтгүй, хэзээ хэвийн нөхцөлд хичээллэх нь тодорхойгүй сургууль цөөнгүй бийг эцэг эх, асран хамгаалагчид шүүмжилсээр байна. Харин эрх баригчид, салбарын яамныхан л бүх зүйл болж бүтэж буй мэт бодит байдлаас хол зөрүүтэй мэдээлэл өгч байгаа юм.