Олон улсын мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад Унгар улсын Сегед хотод боллоо. Тус олимпиадад 87 орны 351 сурагч өрсөлдөж, хоёр өдөрт нийт зургаан бодлого бодсон байна. Манай улсаас дөрвөн сурагч оролцсоноос гурав нь хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборын сурагч Б.Төрхүү, нийслэлийн “Сант” сургуулийн Д.Энэрэлт, “Нэст эдүкэйшн”-ий Х.Онолт нар ийнхүү амжилт гаргасан байна. Манай улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагчаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох нар ажиллажээ. “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт өнгөрсөн долдугаар сард болсон олон улсын математикийн 64 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн билээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил болсон олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиадаас Монголын хоёр сурагч хүрэл медаль авч байв.