Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- 2023 оны III улирал эхэлчихлээ. Энэ онд зам, тээврийн дэд бүтцийн томоохон ажлуудын явц, гаргасан амжилтын талаар ярилцлагаа эхлүүлье.
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын гол тулгуур нь энэ салбар гэдэг үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал хандуулж буй. Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэрээ Монгол Хятадын авто тээврийн хэлэлцээр байгуулсан нь үүний нэгээхэн нотолгоо. Ингэснээр Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт, импортын ачаа тээвэрлэх, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолуураа гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ импортоор авах боломж бүрдсэн.
Түүнчлэн Монгол Хятад Оросыг холбосон төмөр замын хоёр дахь коридор болох Зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсныг та санаж байгаа байх. Мөн хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудлууд үндсэндээ шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд Шивээхүрэн Сэхээгийн хил холболтын төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт жилд даруй 20 сая тонноор нэмэгдэх боломжтой болно. Мөн Гашуунсухайт Ганцмодны хил холболтын төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж, ирэх оноос барилгын ажил нь эхлэхээр болсон. Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр замын ажил урагштай байна. Энэ бүхний үр дүнд урьд нь Монгол Улс Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын ганцхан гарцтай байсан бол нийт таван гарцтай болно. Сая Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар аймгуудыг өөр хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ хөтөлбөрийн хүрээнд урд хойд хөрш, Ази Европыг холбосон босоо тэнхлэгийн авто замын таван коридортой болно. Түүнчлэн Даланзадгадыг Мандалговьтой, Мандалговийг Арвайхээртэй, Алтайг Улиастайтай, Улиастайг Ховдтой, Ховдыг Улаангомтой, Мөрөнг Цэцэрлэгтэй, Цэцэрлэгийг Булгантай, Дорнодыг Сүхбаатартай гээд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь хатуу хучилттай замаар холбох ажил ирэх жилүүдэд хийнэ. Өнөөдрийн байдлаар манай улс авто тээврээр 39 сая тонн ачаа тээвэрлээд байна. Энэ нь тавьсан зорилтоо он дуусахаас дөрвөн сарын өмнө 155 хувиар давуулан биелүүлсэн гэсэн үг. Мөн агаарын тээврийг либералчлах ажилд ахиц гарч дэлхийн 42 улсын 100 гаруй цэг рүү шууд нисэх боломж нээгдлээ. Тэгэхээр энэ бүхэн яах аргагүй сэргэлт бодитой ирснийг л харуулаад байгаа биз дээ. Товчхондоо, тээвэр ложистикийн сэргэлт эргэлт буцалтгүй ирсэн.
-Тээвэр ложистик их чухал салбар. Тээвэр ложистикийн хөгжил, цаашдын чиг хандлагыг олон улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Өнгөрсөн жилүүдэд Монголын авто замчид 21 аймаг, 96 сум, хилийн таван боомтоо нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож, нийт 7500 км замыг хатуу хучилттай болголоо. Ингэснээр Монгол улсын эдийн засгийн “хөгжлийн судас” тэлж, тээврийн зардал буурч, иргэд зорчигчид аюулгүй , ая тухтай зорчих нөхцөл бүрдсэн. Энэ бүхний үр дүнд Дэлхийн банкнаас гаргадаг Логистикийн гүйцэтгэлийн индексээр 2018 онд 130 дугаар байранд байсан Монгол Улс өнөөдөр 33 байраар урагшилж 97-д орсон. Өнөө жил энэ амжилтаа дахиад ахиулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Авто болон төмөр зам шинээр баригдаад байна гэдэг чинь бид хурдтай урагшилж буйн дохио. Гэхдээ илүү хурдтай, илүү даацтай урагшлах нь зүй ёсны хэрэг.
-Төмөр замын тээврийн тухай хуультай боллоо. Эл хуулийг хэрэгжүүлж эхэлснээр ямар давуу талууд гарах вэ?
Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт гарч байна. Тухайлбал үндэсний төмөр замын сүлжээ 3000 шахам км болон өргөжсөн. Төмөр замын салбарт суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдсэн. Энэ бүхэн Төмөр замын тээврийн тухай хуулийг цаг алдалгүй шинэчлэн батлах нийгмийн хэрэгцээ шаардлага болсон. Хууль баталснаар Төмөр замын тээвэр хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн удирдлагатай болох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааг хангах эрх зүйн орчинтой боллоо. Мөн Монгол Улсад хувийн хэвшлийн төмөр замын компаниуд үйл ажиллагаа явуулах, шинээр үүсэн бий болох, өргөжиж хөгжих эрх зүйн зохицуулалт бүрдэнэ. Түүнээс дутахгүй нэг чухал асуудал бол бид төмөр замын салбарын ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хуулиар хангаж чадлаа. Төмөр замын салбарт хуулийн хийдэл дутагдлаас болж өмнө нь авлига, хулгай нүүрлэдэг асан асуудлыг цэгцэлж байна.
-Ерөнхий сайд хариуцлагагүй ажилласан замын компаниудыг хар жагсаалтад оруулахаа мэдэгдсэн. Тэднийг хариуцлагажуулах, бүтээмж гаргах тал дээр хэрхэн шахаж ажиллаж байна вэ?
-Энэ маш чухал асуудал. Саяхан манай авто замын салбарынхантай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалт хийхдээ “Тендер авчихаад хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулна. Хар жагсаалтад орсон компаниуд төрийн ямар ч худалдан авалтад оролцох эрхгүй. Ажлаа хариуцлагатай хийдэг компаниуд ялгарч үлдэнэ” гэдгийг онцолсон. Компанийг нь хар жагсаалтад орууллаа гэхэд дахиад өөр компани байгуулж дүрээ хувиргаж орж ирээд төрөөс тендер авч, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, чанаргүй зам барьдаг увайгүй этгээдүүдтэй хатуу хариуцлага ярина. Ганц жишээ хэлэхэд, 2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам байна. Ард түмэн тэр замыг бүр “Тамын тавь” гэж нэрлэх болтол үнэхээр гол харлатал чанаргүй хийсэн. Хачирхалтай нь, улсын комисс ч хүлээж аваагүй уг замыг барьсан гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан байдаг. Иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул занал учруулж буй уг замын гүйцэтгэгч компани, тендер шалгаруулах ажлыг зохион байгуулсан болон хяналт тавих үүргээ биелүүлээгүй бүх этгээдийг шалгуулахаар сая манай яам Цагдаагийн байгууллагад хандсан. Тийм гэмт нөхөд хуулийн зэм хүртэх цаг нь болсон.
-Та бүхэн Монгол Улсаас АНУ-руу шууд нислэгтэй болох агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ ажил хэзээнээс бодитоор хэрэгжиж эхлэх вэ. Ер нь олон улс руу нислэг үйлдэх ажил энэ онд нэлээд амжилттай байх шиг.
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ асуудал эрх зүйн хувьд эцэслэн шийдэгдсэн. Айлчлалын үеэр “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т миний бие Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувиар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурсан. 20 гаруй жилийн өмнөөс ярьсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдсэн. Ингэснээр нэгдүгээрт, нислэгийн тийз шууд хоёр дахин хямдарна. Хоёрдугаарт, АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-3 дахин багасна.
Өнөөдрийг хүртэл манай монголчууд АНУ нисэх гэж хамаг цаг мөнгөө барж ирсэн. Одоо харин OPEN SKY хэлэлцээр байгуулагдсан болохоор манай үндэсний агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэх боломжтой болчихлоо. Энэ хэрээр эдийн засаг солонгорч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого ч өснө. Бүхэлд нь дүгнээд хэлбэл, зам тээврийн салбарын сэргэлт уул уурхайн экспорт нэмэгдэхэд ч, аялал жуулчлал үйлчилгээний салбарын ашиг өсөхөд ч шууд нөлөөлнө. 2023 онд манай улсын эдийн засаг урьдчилсан байдлаар дунджаар зургаа орчим хувийн өсөлттэй гарах эерэг хүлээлттэй гарсан нь энэ бүхний гэрч. Харин энэ өсөлтийг тогтвортой хадгалж улам нэмэгдүүлэх, үр шимийг нь үрэн таран хийчхэлгүй улсаараа хүртэж эдийн засгийн дархлаагаа нэмэгдүүлэх нь бидэнд даалгасан нийгмийн захиалга гэж ойлгож ажиллаж байна даа.
-Драгон авто вогзалыг “Номин”-гийн агуулах руу нүүлгэсэн нь асуудал дагууллаа. Өөрөөр хэлбэл, таныг нутгийн найздаа боломж олгосон хэмээн мэдээлэл хийсэн. Үүнд хариулт өгөхгүй юү.
-Нэгдүгээрт, Драгон авто вокзал гэж байхгүй. Драгоны эзэд л гэж бий. Харин тэнд нь зай талбай хүрэлцэхгүй, хог новш овоорч, гэмт хэрэг зөрчил гаарч, барилгын ажил явагдаж буйтай холбоотой хүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулах ноцтой эрсдэл үүссэн тул Авто Тээврийн Үндэсний төв хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг нүүлгэх асуудлыг шийдвэрлэсэн юм билээ. Хоёрдугаарт, би “Номин”-гийн Ш.Баярсайханыг зүс таних төдий болохоос өвөр түрийдээ орсон найз нөхөд биш. Намайг харлуулах гээд тэр хүний нэр төрийг давхар гутаагаад байх нь зохисгүй байх. Гуравдугаарт, АТҮТ-ийн нөхөд “Номин”-той гэрээлсэн болохоос би гэрээ байгуулаадах, тэр байршлыг сонгоодох гэсэн ямар ч тушаал шийдвэр, үүрэг даалгавар өгч хөндлөнгөөс нөлөөлөөгүй. Гагцхүү нийтийн, зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашиг л нэгдүгээрт байх ёстой.
Ер нь бол Драгон дээрээс зорчигч үйлчилгээний төвийг нүүлгээд өгөөч гэдэг хүсэлт аль олон жилийн өмнөөс Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн алба, дүүрэг, хорооны иргэд, СӨХ-үүдээс удаа дараа ирж байсан юм билээ. Өнөөдөр уг төв нүүснээр Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу, Баруун салаа,Зүүн салаа, Таваншар, Хархорин орчмын түгжрэл мэдэгдэхүйц багассан талаар иргэд яриад л байгаа шүү дээ. Зогсоол, нийтэд үйлчлэх талбай нь тав дахин нэмэгдсэнд хэн эгдүүцээд, хэний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Түгжрэл, гэмт хэргийн үүр уурхайг алга болгосонд хэн хорсоод байгаа юм. Нотлох баримтгүй зүгээр л нүдээ аниад гүжирдээд дайраад байгаа нөхдийг, цаана нь мөнгөөр угжиж захиалж турхираад байгаа бүх нөхдийг би хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Драгон гэдэг чинь “дархлагдсан хулгайч” нарын үүр уурхай болтлоо бугшчихсан байсан юм байна.
Тэр эзэн нь болох Баярт гээд нөхөр намайг Хятадад Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд явж байхад араас нэхэл дагал болж Бээжинд хүртэл дагаж ирээд амин хувийн эрх ашгаа яриад төвөг чирэгдэл удаад явсан. Тэр увайгүй хүслийг нь гүйцэлдүүлэхгүй төр нийтийн эрх ашгийг бодсон шийдэл гаргахаар ноцож байгаа царай нь энэ. Би өчигдөр өөрөө хүсэлтээ гаргаад энэ асуудалд ямарваа нэг байдлаар хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж уу, хууль зөрчиж үү гэдгээ шалгуулахаар АТГ-т хандсан. Нэр төрөө цэвэрлүүлж авахгүй бол номхныг ноолоход амар гэгчээр дуртай болгон нь үсчдэг болох нь. Ер нь нүүрсний хулгай, төмөр зам, авто тээвэрт бугшсан байсан олон булхайтай асуудал, шүүр ажиллагаагаар шүүрдэгдсэн нөхөд гээд амин хувийн эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүд намайг харлуулчих шалтаг олчих гээд үйл тамаа үзэж байх шиг. Гэхдээ бүх юм үнэнд гүйцэгдэнэ, олны төлөө, нийтийн эрх ашгийн төлөө хийсэн ажил маань миний өмнөөс ярина гэдгийг тэр нөхдөд хатуу сануулчихъя.