Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөсөн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрлийг олголоо.
Зөвшөөрлийн тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд гардуулан өгсөн. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн төсөвт заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулах бөгөөд улирал тутам холбогдох тайланг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.