Өнгөрсөн лхагва гарагт сүүлийн нэг сарынхаа дээд түвшинд хүрсэн алтны ханш өмнөх долоо хоногийн эцэст төдийлөн өөрчлөгдсөнгүй. Улмаар шар металлын үнэ өнгөрсөн долоо хоногт 1.2 хувиар дээшилсэн үзүүлэлт гарсныг “Reuters” дамжууллаа. АНУ-д ажилгүйдлийн түвшин өссөн нь бодлогын хүүгийн шийдвэрт нөлөөлнө гэсэн хүлээлт үүсгэсэн нь үүнд нөлөөлсөн аж. Тус улсын Төвбанкны уулзалт энэ сард болох товтой билээ. Судалгаанд хамрагдсан шинжээчдийн 93 хувь нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ өөрчлөхгүй хэмээн төсөөлж буйгаа илэрхийлсэн байна. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа баасан гарагт унци алтны спот ханш 1940 “ногоон”-той тэнцсэн юм. Харин ирэх арванхоёрдугаар сард худалдах үнэ нь 1966 ам.долларт хүрчээ. Нью-Йорк дахь бие даасан шинжээч Тай Вонг “Ойрын хугацаанд унци алтны ханш 1920-1960 ам.доллар байна хэмээн таамагласан” гэж өгүүлснийг дээрх агентлаг эш татжээ.