Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, багш бэлтгэх, тэдний тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан тогтоол батлав. Үүнд,
1. Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний хэмжээнд багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж ажиллуулна.
2. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн холбогдох хөтөлбөр, стандарт, дүрэм, журмыг шинэчилнэ. Багш бэлтгэх, давтан сургах хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж батлуулна.
3. Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтын зардлыг 2024 оны төсвийн жилээс төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулна.
4. Төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн болон дотуур байр барих, өргөтгөх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэнэ.
5. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих төвүүдэд цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгана.
6. Багшийн нийгмийн баталгааг хангахын тулд орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамруулах, багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн тусгажээ.
Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дээрх шийдвэрийн талаар танилцуулахдаа “Энэ хичээлийн жилд шинэчлэн баталсан Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэхээрээ онцлогтой. Үүгээр хот, хөдөө, төрийн, хувийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, хөтөлбөрөө бүх түвшинд сайжруулах юм. Багшийн цалин, хөлс, нийгмийн баталгааг тогтолцооных нь түвшинд өөрчилнө. Хуурамч дүн тавьдаг, авдаг явдлыг халж, үнэлгээний системийг шинэчлэхээс гадна үр дүнд суурилсан санхүүжилттэй болгоно. Боловсролын салбарыг улстөржилтөөс хараат бус, мерит зарчмаар хөгжүүлэн, цахим шилжилт хийх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлээд байна. Багш мэргэжлээр суралцаж буй оюутны сургалтын төлбөрийг төрөөс даах шийдвэрийн талаар олон янзын байр суурь бий. Боловсролын чанар хамгийн чухал.
Чанартай боловсрол олгохын тулд багш нь чанартай байх ёстой. Багшаа ямар хөтөлбөрөөр, хэрхэн бэлтгэх вэ гэсэн тогтолцооны шинжтэй асуудлыг хөндөж байгаа юм. Багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжих учиртай. Манайд Кэмбрижийн тогтолцоотой цөөн хэдэн сургууль ямар их эрэлт, хэрэгцээтэй байгаа билээ. Цаашид төрийн өмчийн 750 сургуульд энэ тогтолцоог нэвтрүүлнэ. Дөрвөн жилд багш бэлтгэх төлбөр мөнгө бус, цаашдын 40 жилд тэдний ажлыг үнэлэх үнэлэмж чухал. Боловсрол нь халамжийн салбар байж болохгүй. Эл мэргэжлээр суралцагчдын төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамжийн бодлого биш. Боловсролын сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн бодлогын шийдвэрийн нэг нь энэ. Багшийг хөгжүүлэх, дэмжих, нийгмийн баталгааг нь сайжруулах гурван том бодлогын нэг хэсгийг улстөржүүлж, харлуулж болохгүй. Монгол Улс багшийн хомсдолд ороогүйг хариуцлагатай хэлье. Хүн амын өсөлттэй холбоотойгоор жилээс жилд багшийн хүртээмж асуудал дагуулж буйг цогц бодлогоор өөрчлөх шаардлагатай. Дурын сургуульд багш бэлтгэхгүй. Энэ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Ийм сургууль 20 орчим бий” гэв.
Бэлтгэсэн: Б.Уран