21 жилийн дараа шинэчлэн баталж, УИХ-ын даргаас БШУ-ы сайдад сүр дуулиантайгаар гардуулсан Боловсролын ерөнхий хуулийн хүрээний шилжилт, шинэчлэлийн их ажлуудыг хичээлийн шинэ жилтэй уралдан эхлүүллээ. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг шинэчилж, их сургуулийг судалгааны, мэргэжлийн, сургалтын гэсэн гурван төрлөөр хөгжүүлэхээр тогтов. Тэрчлэн бүрэн дунд боловсролын сургалтын чанарыг ахиулах зорилгоор ахлах сургуулиудыг тодорхой чиглэлүүдээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөснөө салбарын яамнаас танилцууллаа. МСҮТ-ийн сургалтын тогтолцоо, үйл ажиллагааны хэлбэрийг өөрчлөн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудтай харилцан уялдаатай байдлаар хөгжүүлэхээр шийдвэрлэв.
Нэрийг нь хүртэл мэргэжлийн боловсролын сургууль болгон өөрчиллөө. Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж буй суралцагч, шинээр бий болж байгаа сургалтын байгууллагын тоо, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан багш мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэр гаргасан нь олон нийтээс шүүмжлэлийн “хур” дагуулав. Энэ мэтчилэн дурдвал боловсролын салбарт “хөдөлгөөнд орж” буй зүйл цөөнгүй. Тэдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх санаачилга.
Манай улсын бүрэн дунд боловсролын тогтолцоо хийдэл ихтэй, сургалт нь нүсэр, хүнд атлаа үр өгөөж багатай. Сурагчдад өгч буй даалгавар, сургалтын цаг, хөтөлбөрийн агуулга, хичээлийн тоо зэргээрээ аль ч улсыг дагуулахааргүй “том” боловч чанар, хүртээмж, тэгш бус байдлаараа муугийн жишээ болдог. Одоо хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд I-III ангид долоо, IV-V ангид 10, VI-IX ангид 15-17, X-XII ангид 16 хичээл судалж байна. Сурагчид ерөнхий боловсролын сургууль төгстөлөө дунджаар 30 орчим хичээл үздэг гэсэн үг. Энэ үзүүлэлтээрээ ч манай улс дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Дунд сургуулийн хөтөлбөр нь ийм нүсэр учраас шаардлагатай агуулгууд (гол хичээлүүд)-д зарцуулах цаг тэр хэрээр хумигдаж, цэгцтэй, оновчтой мэдлэг, чадварыг олгож чаддаггүй. Ёстой нөгөө амсуулах төдий байдлаар л хичээлүүдээ заадаг. Энэ нь төр, хувийн хэвшлийн сургуульд суралцагсдын хооронд ялгаатай байдал бий болох, хоцрогдол үүсэх нэг шалтгаан болдог юм. Үүнээс улбаалаад ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сурагчдад ачаалал, дарамт нэмэхээс хэтэрдэггүй хичээлүүдийг халж, агуулгыг нь чанаржуулах хэрэгцээ шаардлага тулгамдсаар өдий хүрэв. Тиймээс ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх санаачилгыг цагаа, нүдээ олсон шийдвэр хэмээн үзэж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт математик-байгалийн ухааны, Хан-Уул дүүрэгт ХААИС-ийг түшиглэн байгаль-экологийн ахлах сургууль байгуулахаар болсноо БШУЯ-наас зарлалаа. Цаашдаа нийгэм-хүмүүнлэг, соёл-урлаг, техник, технологийн төрөлжсөн сургуульбий болгож, хөгжүүлэхээр төлөвлөж. Үндсэндээ ийм таван чиглэлээр заавал, сонгон, гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрүүдийг сурагчдад санал болгох нь. Тухайн сурагч аль чиглэлийн салбарт илүү сонирхолтой, ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээсээ шалтгаалаад төрөлжсөн сургуульд элсэх боломж нээгдэнэ гэсэн үг. Үзвэл зохих, өөрт хэрэгтэй гэсэн хичээлүүддээ илүү их цаг зарцуулж, гүнзгийрүүлэн судлах нь. Бид одоо л үүнийг хүлээн зөвшөөрч, ажил хэрэг болгохоор зорьж байгаагаас биш, дэлхий нийт ийм хэв маягаар бүрэн дунд боловсрол олгоод, нийгэм, цаг үеийнхээ онцлог, шалгуурт нийцсэн чадварлаг төгсөгчдийг их, дээд сургууль, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд удаж буй юм билээ. Тиймээс энэ ажлыг цаг алдалгүй, эргэж буцалгүй хэрэгжүүлэх нь чухал. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн, тодорхой чиглэлүүдэд тулгуурлан яг ийм байдлаар шинэчлэх нь зүйтэй санагдана. Өөрөөр хэлбэл, төрөлжүүлэн хөгжүүлэх нэрээр хүрэлцээгүй, цөөн хэдэн сургууль байгуулаад орхих бус, боловсролынхоо хөтөлбөрийг уг үндсээр нь эргэн харж, шинэчлэх шаардлагатай. Хэт олон хичээлээр сурагчдыг залхааж, хүндрүүлдэг хоцрогдмол тогтолцоогоо халах хэрэгтэй. Нэг ёсондоо тоонд бус, чанарт анхааръя гэсэн үг.
Шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд эл салбарт хийхээр төлөвлөж буй гол ажлуудын нэгт хөтөлбөрийн шинэчлэл багтаж байгааг хууль санаачлагчид болон боловсруулагчид нь онцолсон. Урт хугацаанд тогтвортой хэрэгжих, хүн бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх тэгш боломжийг олгохуйц хүртээмжтэй, нийцтэй хөтөлбөр “оруулж ирэх”-ээ тэд мэдэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор дээрх хуульд “Албан боловсролын агуулга нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ”, “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгын мөрдөх хугацаа нь батлагдсанаас хойш ерөнхий боловсрол эзэмшүүлэх хугацаагаар байна” гэсэн заалтыг оруулсан. Тодруулбал, нийгмийн хэрэгцээ шаардлага, цаг үеийнхээ хөгжлийн чиг хандлагад нийцсэн хөтөлбөрийг тууштай, тогтвортой хэрэгжүүлнэ хэмээн хуульд тунхаглачихсан. Засаг, сайд солигдох тоолонд дагаж холбирдоггүй тогтвортой бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхээр зорьж. Энэ хэрээр хариуцлагатай байх шаардлага тулгарлаа. Хөтөлбөрийн насжилтыг ерөнхий боловсрол эзэмшүүлэх хугацаагаар тогтоосон нь эл асуудалддолоо хэмжиж, нэг огтлох зарчмаар машид болгоомжтой, хариуцлагатай хандах ёстойг дохиолж байна. Үгүй бол сурагчид бүхэл бүтэн 12 жилийн турш туршилтад орж, хохирох эрсдэлтэй.
Манай улс “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ гол анхаарлаа бага боловсролын сургалтад хандуулаад, дунд, ахлах ангийнхныг гаргуунд гаргасан гэдгийг судлаачид бишгүй хөнддөг. Тэгвэл Засгийн газраас дэвшүүлсэн “Боловсролын шинэ сэргэлт”-ийн зорилт, Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд хийхээр төлөвлөсөн хөтөлбөрийн шинэчлэл энэ алдааг залруулаасай хэмээн салбарын судлаач, мэргэжилтнүүд хүсэж байна. “Боловсрол менежмент арга зүйн институт”-ийн нэгэн судлаач “Манай улс дэндүү удаан хөдлөх юм. Аль 2008-2009 оны үед биднийг 12 жилийн ерөнхий боловсролын тогтолцоонд шилжиж, 2012 оноос сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд л бусад улс энэ жишгээр явж байсан. Бага, дунд, ахлах сургуулиуд нь бүгд тусдаа, сурагчид дунд ангиас ахлах руу шилжихдээ шалгалт өгч, мэргэжлээ сонгож элсдэг тогтолцоотой. Ахлах сургуулиуд нь төрөлжсөн, аль нэг чиглэлээр гүнзгийрсэн, шаардлагагүй олон төрлийн хичээл ордоггүй, маш сайн лабораторитой, нэг багш ганц л хичээлийг дагнан заадаг, мэргэжлийн баримжаа олгох дадлагатай зэрэг Монголоос эрс тэс ялгаатай байлаа. Ахлах сургуулийг төрөлжүүлж хөгжүүлбэл ачаалал, сургалтын чанар, хүртээмж, гурван ээлжээр хичээллэдэг явдал гээд олон асуудлыг давхар шийдэх боломжтой. Үүнийг бид одоо л хэрэгжүүлэх гэж байна. Оновчтой л хийгээсэй билээ” гэсэн юм. Нээрэн л энэ бүхнийг оновчтой хийгээсэй.
Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар чансаа ямар байгааг БШУЯ-ныхан маш сайн мэднэ. Салбарын сайд нь хүртэл “Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөр маш сул. Хөтөлбөрийн шинэчлэлийг ямар ч чиг баримжаагүй, бэлтгэлгүй хийсний үр дүн ньэнэ. Улстөрчид болон тодорхой сонирхлын бүлгийн шахалт, захиалгаар, судалгааны үндэслэлгүйгээр зарим хичээлийг хөтөлбөрт оруулдаг. Үүнээс болж сурагчдад ирэх ачаалал, дарамт ихсэж, зайлшгүй судлах шаардлагатай хичээлийнх нь цаг багассаар байна. Зарим хичээлийг нэгдмэл агуулгатай болгож интеграцчлах хэрэгтэй. БШУЯ сургалтын шинэ хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг баталж, боловсруулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, бэлтгэл ажил хангах цогц арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ” хэмээн Засгийн газрын ордноос иргэд, олон нийтэд хандан сүр дуулиантай гэгч нь мэдэгдэл хийж байсан нь саяхан. Эндээс БШУ-ы сайд болон түүний багийнхан сургалтын хөтөлбөрт ямар дүн тавьсан нь илэрхий харагдана. Бас өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа, цаашид анхаарах зүйлсээ ч олж харсан болов уу. Харин одоо шинэ хуульд тусгасан хөтөлбөртэй холбоотой суурь заалтууддаа үндэслээд дорвитойхон шинэчлэл хийх боломж нь тэдний гарт байна.
Дэлхий ертөнц улам бүр даяаршиж, техник, технологийн хөгжил гэрлийн хурдаар довтолгож буй өнөө цагт өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь хамгийн чухал. Харин ийм мэргэжилтнүүдийг тогтвортой, тасралтгүй бэлтгэхэд суурь боловсролын сургалтын сайн хөтөлбөр чухал үүрэгтэй. Сайн хөтөлбөрийн чанар хичээлийн тоогоор бус, шаардлагатай, чухал агуулгатусгаж чадсан, эсэхээр л үнэлэгдэнэ.