АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр болж, өчигдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулав. Монгол Улсын хэмжээнд төмснөөс бусад төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор хангахын сацуу хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг тогтвортой өсгөх зорилготой эл төслийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Ховдод суурь судалгаа хийж буй бөгөөд үр дүнд нь үндэслэн сонгогдсон аймагт 2023-2026 онд хэрэгжүүлэх аж.
Энэхүү суурь судалгааны тусламжтайгаар манай орны цаг уур, агро экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлж, үйл ажиллагаандаа тусгах гэнэ. Уг төслийн хүрээнд сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуй бий болгох бөгөөд үүнд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологиуд, тариалалтын төрөл бүрийн аргуудыг нэвтрүүлэх нь.
Мөн уг загвар аж ахуйд хураалтын дараах боловсруулалт хийх агуулах байгуулж, хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг ангилах, ялгах, боловсруулах, савлах, түгээх технологиудыг сонгон, туршиж, үр дүнг нь танилцуулах юм байна. Түүнчлэн тогтвортой хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэхэд зориулан хөрс хамгаалал, хөрсний үржил шим, тарималд шаардлагатай шим тэжээлийн бодисын (тухайлбал, био, органик, эрдэс бордоо ашиглалт), усалгааны болон ургамал хамгааллын менежмент, органик үйлдвэрлэл, үр үйлдвэрлэл, ургац хураалт ба хураалтын дараах үйл ажиллагаа зэрэг өндөр бүтээмжтэй, хүнсний ногоо үйлдвэрлэлийн тогтвортой дадлыг цогцоор нь хөгжүүлэхэд техникийн тусламж үзүүлэх аж.
Бэлтгэсэн: Б.Сонор