2023-2024 оны хичээлийн шинэ жил өнөөдрөөс эхэлж байна. Хичээлийн жилийн бэлтгэлийг хэрхэн хангасан талаар БШУЯ болон холбогдох бусад байгууллагынхан өчигдөр мэдээлэв. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар 302 000 хүүхэд урьдчилсан байдлаар бүртгүүлсэн аж. Ерөнхий боловсролын сургуульд 780 000 сурагч суралцахаар болжээ. Мэргэжлийн боловсролд 22 000, их, дээд сургуульд 25 000 оюутан элсэх дүн гарсан байна. Эдгээр дүн ирэх сарын 15-нд эцсийн байдлаар баталгаажих ажээ. Энэ жил дээд болон мэргэжлийн боловсролын хүрээнд 65 их сургуулийг олон улсын стандартад нийцүүлэн эрэмбэлэх юм. Мөн аймгийн төвүүд дэх МСҮТ-ийн үйл ажиллагааг нэгтгэх зэрэг ажил хэрэгжүүлж буйг БШУЯ-наас онцоллоо. Хичээлийн жилийн зорилго нь хамтын оролцоо, үр дүнд суурилж, цэцэрлэг, сургууль бүрийн менежментийг сайжруулах замаар сургалтын чанарт ахиц гаргах аж.
2022-2023 онд Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулан бүхшатнысургалтынбайгууллагадхөндлөнгийн үнэлгээ, чанарын судалгаа хийлгэсэн. Үүний үр дүнд тулгуурлан цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргажээ. Тухайлбал, нийслэл, дүүрэг бүрт хоёр хүртэлх ахлах сургууль байгуулах, дээд боловсрол, мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэх, заримыг нь татан буулгах гэнэ. Мөн хүүхдийн хөгжил, хамгаалал, оюутан залуусын сурч хөгжих эрхийг онцгой анхаарах нь. Үүний хүрээнд дотуур байрны орчин нөхцөл, номын сангийн үйлчилгээг сайжруулахаар зорилтдоо тусгасан зэргийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлэв.
БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир хэд хэдэн асуудлыг онцоллоо. Тэрбээр “Өнгөрсөн долдугаар сард Боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан. Уг хууль нь суралцагч төвтэй, оролцогч талуудын харилцааг зохицуулахад чиглэж байгаа. Өнгөрсөн жил тооноос чанарт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, 27 дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Одоогоор улсын хэмжээнд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр сургуулийн эрэмбэ чансааг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сард багтааж үр дүнг нь зарлана. Мөн их, дээд сургууль, коллеж гэсэн гурван ангилалд өөрчлөлт оруулна. Үүний дагуу одоо үйл ажиллагаа явуулж байгаа 30 дээд сургуулийн ангиллыг шинэчлэн тогтооно. Улмаар2025 он гэхэд зөвхөн их сургууль, коллеж гэсэн ангилалтай болно” гэв. Аймгийн төвүүд дэх МСҮТ-үүдийг нэгтгэх ажлууд өдгөө үргэлжилж байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь нэг, Булганд байгаа хоёр МСҮТ-ийг нэгтгэж, ХААИС-ийн харьяалалтай болгохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам