Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
Тухайн барилга байгууламжууд нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс буюу үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн баригдсан тул үйл ажиллагааг нь зогсоож, газар чөлөөлөх шаардлагатай гэсэн Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлт гараад буй.
Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шунхлай” ХХК-ийн ШТС
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Акуа Гарден” хотхоны хоёр блок
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S’Outlet” дэлгүүрийн хоёр блок барилга нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж буй юм.
Гэвч үерийн эрсдэлтэй бүс дэх байгууламжуудыг албадан буулгах ажил эсэргүүцэлтэй тулгарав. Үүнд хотын удирдлага дараах байр суурийг илэрхийллээ.
Хотын удирдлага тус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтнуудад авах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өгсөн гэнэ. Улмаар Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Дээрх барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул буулгах шаардлагатай гэсэн Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, хуульд заасны дагуу албадан буулгах захирамж гаргасан аж. Албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр төлөвлөжээ. Дээрх аж ахуйн нэгжүүд захирамжийг хүлээн авсан бөгөөд захирамжтай холбоотойгоор шүүх байгууллагад хандах боломжтой. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.