Гэгээн Ширээт Улс нь Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хот дотор 0,44 км2 нутаг дэвсгэртэй хот улс бөгөөд Монте-Ватикано дэнж дээр байрладаг. Мянга орчим хүн амтай, хүн амын дийлэнх нь Итали, Швейцар гаралтай хүмүүс. Албан ёсны хэл нь итали, латин. Европын Холбоотой байгуулсан хоёр талын хэлэлцээрийн хүрээнд еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээр ашигладаг.
Италийн Ерөнхий сайд Бенито Муссолони, Папын Төрийн нарийн бичгийн дарга (Ерөнхий сайд), кардинал Пиетро Гаспарри нар 1929 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Латераны гэрээ”-нд гарын үсэг зурснаар Италийн нутаг дэвсгэрт тусгаар тогтносон, бүрэн эрхт Гэгээн Ширээт Улсыг байгуулж, Ватикан хотыг хүлээн зөвшөөрсөн. Латераны гэрээ нь католик сүмийн Италийн Хаант Улсын засаг, захиргаан дахь нөлөөллийг үгүй хийх, өөрөөр хэлбэл төр, шашин хоёрыг салгах үндсэн зорилготой. Жишээлбэл, Италийн хаан угсаа залгамжлан хаан ширээндээ суухад Папаас зөвшөөрөл авдаг, шашнаар дамжуулан Италийн төрийн хэрэгт шууд оролцоотой байсан. Олон улсын түүхч, судлаачид Латераны гэрээ нь Италийн Ерөнхий сайд Бенито Муссолонигийн улс төрийн замналын хамгийн том дипломат ялалт төдийгүй Итали Улсыг үндэстэн улс (nation-state), Гэгээн Ширээт Улсыг шашин төвтэй тусгаар улс болон төлөвшихөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Гэгээн Ширээт Улсын төсөв 2022 оны байдлаар 887 сая ам.доллар орчим бөгөөд арилжааны бус өвөрмөц эдийн засаг, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн орлого, католик шашинтнуудын хандив өргөл, шашны ном, бичиг баримт хэвлэх, музейн орлого, дурсгалын зоос, медалийн орлогоос санхүүждэг. Тус улс нь дэлхийн 183 улс болон Европын Холбоотой дипломат харилцаатай. Олон улсын 34 байгууллагад бүрэн эрхт гишүүн болон байнгын ажиглагчийн статустай. Тухайлбал, НҮБ, FAO, ILO, UNEP, UNDP, UNESCO, WHO, WMO WTO зэрэг байгууллагад байнгын ажиглагчийн статустай. Харин CTBTO, IAEA, IOM, ITU, OPCW, OSCE, UNCTAD, UPU, WIPO зэрэг байгууллагын бүрэн эрхт гишүүн.
Пап XIV Бенедикт 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Папын сэнтийгээс эрүүл мэндийн шалтгаанаар татгалзсантай холбогдуулан 2013 оны гуравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд болсон 115 хамба оролцсон сонгуулиар одоогийн Францис 2013 оны гуравдугаар сарын 13-нд, 266 дахь Папаар сонгогдсон. Гэгээн ширээт Улс нь шашны болон дипломат ёслолын нарийн дэг баримталдаг байна.
Дэлхийн бусад улс төдийгүй манай улсад Гэгээн Ширээт Улсын нэршилтэй холбоотой ташаа ойлголт хэвшсэн байдаг. Тухайлбал, олон нийтийн дунд Ватикан Улс гэсэн ойлголт тогтсон байдаг нь тус улсын онцлог болох хот-улс гэсэн ойлголттой холбоотой. Ватикан гэсэн нэршил нь Гэгээн Ширээт Улс байрлаж буй газар буюу хотын нэр юм. Харин улсын албан ёсны нэр нь Гэгээн Ширээт Улс (Holy See) бөгөөд хоёр талын болон олон улсын байгууллагатай харилцах захидал, бусад улстай дипломат харилцаа тогтоосон баримт бичиг, НҮБ-ээс тус улсад байнгын ажиглагчийн статус олгосон тогтоол зэрэгт Holy See нэрээр бичигддэг. Түүнчлэн Ромын Пап гэсэн хэллэгийг цаашид зөвхөн Пап гэдгээр хэвших нь чухал. Учир нь католик шашны хамгийн дээд хэргэм болох кардинал цол хүртэж буй номлогчдод бэлгэдэл болгож Ром хотын нутаг дэвсгэрт байгаа жижиг сүмийг хариуцуулдаг. Харин католик шашны тэргүүн буюу Папаар сонгогдсон хүнд Ромын хамба гэсэн хэргэм дагалддаг. Иймд католик шашны тэргүүн “Пап” нь албан ёсны хэргэм, “Ромын хамба” нь бэлгэдлийн хэргэм тул албан ёсны хэргэм бүхий нэршлээр явдаг байна.