УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан билээ. Эл багц хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалсан, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцаж, тус салбарын эрх зүйн орчинд ямар өөрчлөлт, ахиц дэвшлүүд гарах талаар тодрууллаа.
-Хэдийгээр манай улс Боловсролын тухай хуульдаа “Боловсролын үндсэн зарчим нь тогтвортой, уялдаатай, тэгш, бүх нийтэд хүртээмжтэй, тасралтгүй, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөт, нээлттэй байна” гэж заасан ч хэрэгжүүлж чадалгүй өдий хүрсэн. Тэгвэл Боловсролын багц хуулийг шинэчлэн баталснаар уг салбарт ямар өөрчлөлтүүд гарах талаар дэлгэрүүлнэ үү.
-Боловсролын багц хуулийн шинэчлэлийг тэгш боломж, тэгш гарааны нөхцөл бүрдүүлэх, боловсролын бүх шатны тогтолцоогоо шинээр эргэн харж ирээдүйд ойртуулах гэж хичээсэн зарчмууд дээр үндэслэж хийсэн. Ажлын хэсгийнхний зүгээс манай боловсролын тогтолцоонд өнгөрсөн 30 жилийн турш хийж, хэрэгжүүлсэн өөрчлөлтүүдийг дүгнэж, дараагийн 30 жилийн суурийг тавихыг зорилоо. Монгол Улс дэлхийд өрсөлдөхүйц, хамтаар амьдрах соёлд суралцсан, боловсролтой иргэдтэй болж, энэ салбараа олон улсын түвшинд дөхүүлж байж л хөгжинө. Ардчилсан улс болсноос хойших 33 жилийн түүхэндээ анх удаа Монголын боловсролын тогтолцоог сургуулийн өмнөхөөс авхуулаад ерөнхий, дээд, мэргэжлийн, насан туршийн гээд бүх түвшинд нь “араа шүд”-ийг нь тааруулж, ямар нэг гацаа, саадгүй уялдаж ажиллах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж болно. Шалтгаан нь ойлгомжтой. Нэгдүгээрт, эл салбарын хуулиуд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байсан. Хоёрдугаарт, хуулиудад өнгөрсөн хугацаанд маш олон удаа өөрчлөлт оруулж, боловсролын салбарын үзэл баримтлалаасаа хазайчихсан байсан. Мөн шат шатны боловсролын хуулиуд бие биетэйгээ зохицдоггүй, уялддаггүй болчихсон байв. Үзэл баримтлалын хувьд зайлшгүй өөрчлөх шаардлага тулгарсан хэрэг.
Багц хуулийн шинэчлэлийн хүрээнд бид зургаан чиглэлд гол өөрчлөлт хийхээр тусгасан. Нэгдүгээрт, хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Аль нэг нам, эсвэл Засгийн газар гарч ирээд хөтөлбөрөөр тоглодог байдал энэ цаг үеэс хойш үгүй болно. Сургалтын хөтөлбөрүүд үзэл баримтлалтай болж, нэг хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусах хугацаа 12 жил байх бөгөөд өөрчлөлт оруулахыг хуулиар хязгаарлалаа. Мэдээж цаг үеийн шаардлагаар багахан өөрчлөлтүүд оруулж болно. Үндсэн агуулга нь “хөдлөхгүй” болсон. Боловсролын бодлого тогтвортой байж үр дүн гардаг онцлогтой салбар шүү дээ. Хоёрдугаарт, дижитал боловсролыг албан ёсоор хуульчилж, танхимын боловсролтой ижил түвшинд дүйцүүлж тооцох зохицуулалт хуульчлагдсан.
“Ковид” дэгдсэн хоёр жилийн хугацаанд боловсролыг онлайнаар, телевизээр дамжуулж олгосон. Суралцагчид янз бүрийн эх үүсвэрээс мэдээлэл авч боловсрол олоод, түүнийгээ шалгуулж тооцуулах эрх зүйн зохицуулалтгүй байсан юм. Олон улсад боловсролыг зөвхөн танхимд олгодог гэх ойлголтоос салаад удаж байна шүү дээ. Ингэснээр тэгш боломж, тэгш хүртээмжийг дорвитой шийдэх суурь тавигдаж буй юм. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн шилдэг математикийн багш нарын хичээлийг аль ч газраас онлайнаар үзээд мэдлэгээ баталгаажуулах боломжтой болсон гэсэн үг. Багшийн хүрэлцээ, чанарын ялгааны асуудлыг энэ өөрчлөлт дорвитой шийднэ.
Гуравдугаарт, үнэлгээний шинэчлэл хийх юм. Өнөөдөр Монголын боловсрол дэлхийн хаана “явж” буйг хэн ч мэдэхгүй байгаа. Юу нь болж, юу нь болохгүй байгааг хэмжиж мэдэхгүй байна. Тэгэхээр шинэ хуулиар Монголын боловсролыг дэлхийн стандартын дагуу олон улстай нэгэн ижил аргачлалаар үнэлж тайлагнадаг болох хууль, эрх зүйн өөрчлөлт гарсан. Жишээ нь, бид одоо ерөнхий боловсролоо PISA буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад элсэн орсон орнууд хэрэглэдэг, үнэлгээний хамгийн тэргүүлэх аргачлалаар гурван жил тутам үнэлнэ. Ингэснээр сурагчид нь, менежмент нь, эцэг, эхийн оролцоо, хөрөнгө оруулалт, бодлого нь ямар түвшинд байгаагаа, олон улсын хэмжээнд хэрхэн үнэлэгдэж буйгаа тогтоон, дутуугаа олж хараад, сайжруулахад анхаарах боломж нээгдэнэ. Бид хэмжиж чадахгүй бол үнэлж чадахгүй шүү дээ. Үнэлж чадахгүй бол хөгжиж чадахгүй.
Дөрөвдүгээрт, санхүүжилтийн тогтолцооны реформ хийгдэнэ. Өмнө нь бид барилга байшинд мөнгө зарцуулдаг байсан бол одоо боловсролын санхүүжилт хүүхдээ “дагана”. Өөрөөр хэлбэл, хувьсах зардал хүүхдээ дагаж “явна”. Аймаг, орон нутгийн алслагдмал байдлыг харгалзан нэмэлт буюу илүү хувьсах зардал олгоно, эзэмшиж буй мэргэжлийн хэрэгцээ шаардлагад суурилсан хувьсах зардлын өөр өөр норм мөрдөж эхэлнэ. Мэргэжлийн боловсрол гэхэд жишээ нь, гагнуурчнаар, эсвэл үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникч, өрмийн инженерээр бэлтгэн сургахад зардал нь харилцан адилгүй. Тиймээс ч мэргэжилтэн бэлтгэх зардал нь өөр. Энэ хэрээр сургуулиудад өгөх хувьсах зардлын хэмжээнд өөрчлөлт оруулах эрх зүйн боломж бүрдсэн. Түүнчлэн хичээл сургалтын зардлыг багш нарт анх удаа өгөхөөр боллоо. Мөн үр дүнд суурилсан урамшууллын систем бий болгохоор тусгасан.
Орон сууцтай болоход нь зориулж мөнгөн дэмжлэг олгох нь
-Боловсролын багц хуулийн хүрээнд тусгасан тав, зургаа дахь гол өөрчлөлт юу вэ?
-Боловсролын менежментэд шинэчлэл хийнэ, эл салбарыг улс төрөөс ангид болгоно. Жишээ нь, тухайн сумд хамгийн олон ах, дүүтэй хүн сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга болдог гэхэд хилсдэхгүй. Ингээд хамаатнаа сургуулийн захирал болгочихдог тохиолдол түгээмэл. Тэр хүн нь мэргэжлийн, эсвэл мэргэжлийн бус байх нь хэнд ч хамаагүй. Ийм л тогтолцоотой, хэт улстөржсөн томилгоотой болсон байсан. Ер нь Монголын боловсролын салбар хямралд орчихсон, төгсөгчид зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгааг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Иймээс ч бид хямралын үеийн менежментийн тогтолцоонд хэсэг хугацаанд зайлшгүй шилжих шаардлагатай. Боловсрол олгох бол мэргэжлийн хүний хийдэг ажил. Тиймээс ч ерөнхий боловсролын бүх томилгоо буюу БШУЯ-наас эхлээд аймаг, орон нутаг дахь боловсролын байгууллагын томилгоо босоо тогтолцоонд шилжлээ. Асуудал гарвал мэргэжлийн яам, агентлаг, газрууд газар дээр нь шууд шийднэ. Өмнө нь Боловсролын газрынхан нь “Энэ хүн болохгүй байна” гэж учирлаад ч тухайн орон нутгийн Засаг дарга шийдвэр гаргахгүй л бол хариуцлага ярьж чаддаггүй байсан. Тэгвэл боловсролын салбарт ТУЗ нь шийдвэрээ гаргаад, томилгоогоо хийдэг байхаар өөрчиллөө. Мэдээж энэ бүхэн Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийгдэж байж явах нь зүйн хэрэг.
Зургадугаарт, багш, ажиллагсдын нийгмийн баталгааг эрс дээшлүүлсэн өөрчлөлтүүд тусгалаа. Хамгийн шилдгүүд энэ салбарт ажилладаг байх нөхцөл, боломж бүрдүүлэх өөрчлөлтүүд орсон. Монголын боловсролын салбарыг хөгжүүлнэ гэвэл багш нараа эрс өөд нь татахаас өөр гарцгүй. Багш нарын цалин, орлогыг эрс өсгөж, энэ мэргэжлийн үнэ цэнийг өргөж, нийгмийн баталгааг нь сайжруулж байж энэ салбарт эерэг үр дүн гарна. Энэ чиглэлд ахиц гаргасан олон зохицуулалтыг хуульд тусгасан. Тухайлбал, багш нарыг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх тухай заалтыг Боловсролын багц хуульд тусгалаа. Жишээ нь, манай Дархан-Уул аймгийн Орхон, Шарынгол сумд багш тогтохгүй байна. Яагаад гэхээр залуу багш очоод байрлах байр, хөдөө газарт түрээсийн орон сууц байхгүй тул хагас жил орчим тэсээд л явчихдаг. Шинэ хүмүүс орон нутагт очиж ажиллах ямар ч боломжгүй байгаа гэсэн үг. Иймээс ч орон сууцын урьдчилгаан дээр нь туслалцаа үзүүлэх юм. Нийт багш нарын тодорхой хувьд нь жил бүр дэмжлэг үзүүлнэ. Ингээд хамгийн бага хүүтэй зээлийн эх үүсвэртэй холбоод, цалин орлогыг нь нэмэх бодлого хэрэгжүүлээд явбал багш нарын нийгмийн баталгаа сайжрах юм. Орон нутагт очиж багшилбал эхний таван жил ажилласных нь дараа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно. Эл урамшууллыг цаашид гурван жил тутам олгох шинэ заалт хэрэгжиж эхэлсэн. Багш нарын цалин эрс нэмэгдэж байгаа. Сая хөдөлмөрийн хөлс нэмэгдэхэд багш нарын цалин дунджаар 60 орчим хувиар өссөн байна лээ. Орон нутгийн урамшуулалтайгаа нийлээд өмнөхөөс бараг хоёр дахин дээшилсэн нь ч байна. Ер нь цалингийн нэмэгдлийг үе шаттай өсгөх ёстой.
Боловсролын салбар дан ганц багш нарын нуруун дээр явдаггүй. Энэ салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдаа ч бид мартах ёсгүй. Иймээс багш болон сургуульд 15 жил тасралтгүй ажилласан тогооч, жолооч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан гээд бусад ажилтны нэг хүүхдийг Монголд нэн шаардлагатай мэргэжлээр улсын сургуульд үнэ төлбөргүй сургах зохицуулалтыг мөн тусгалаа. Үндсэндээ Боловсролын багц хуульд багш нарын орлогыг нэмэгдүүлэх, нэр хүнд, ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулахтай холбоотой заалтуудыг оруулсан. Мөн багшийн ажлын ачааллыг бууруулах зохицуулалтууд ч бий. БШУЯ-наас хийсэн судалгаагаар ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй багшийн ажлын ачааллын 40 орчим хувийг нь хичээл заахаас бусад ажил эзэлдэг гэж гарсан байна лээ. Тэгвэл багш нараар багшлахаас өөр ажил хийлгэхийг хуулиар шууд хориглосон. Хэрэв үүнийг зөрчиж, багшлахаас өөр ажилд дайчлан оролцуулбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Удахгүй бүх багш нарыг компьютертой болгох юм билээ. Би өөрийн сонгогдсон тойргийн багш нараа компьютертой болгох ажил хийгээд дуусах дөхөж байна.
Ажлын байран дээрээ суралцаж мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломжоор хангах, эрүүл мэндийг нь дэмжих зэрэг заалт ч тусгасан. Цаашид ч үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай. Ямартай ч хууль, эрх зүйн зохицуулалтыг нь бий болгочихлоо, одоо хэрэгжүүлээд явах ёстой. Саяхан Ерөнхий сайд багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл, багш нар дотооддоо магистрт суралцах бол төлбөрийг нь төр бүрэн хариуцахаар болсныг мэдэгдлээ шүү дээ.
-Багш мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрийг төрөөс даахаар болсныг зарим иргэн эл мэргэжлийг үнэгүйдүүлэх нь гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж багш мэргэжил эзэмшихээр сурах элсэгчдийн босго оноог өндөрсгөж таарна. Хоёрдугаарт, элссэн оюутныг онц, сайн сурахыг шаардана. Тэгж байж санхүүжилтийг нь өгөх ёстой шүү дээ. Их, дээд сургуулиуд орлогоороо санхүүжиж, тогтмол зардлаа өөрөө даадаг байсныг сая хуулийн шинэчлэлээр төрөөс олгодог болж эхлэхээр заасан. Жишээ нь, МУБИС-ийн хичээлийн байр, багшлах боловсон хүчнийг одоо суралцаж буй оюутнуудын тоотой нь харьцуулбал хэд дахин өндөр ачаалалтай байгаа. Өөрөөр хэлбэл, нэг багшид ногдож буй ачаалал асар өндөр байгаа юм. Энэ нь 10 мянган оюутантай байж л зардлаа нөхдөгтэй холбоотой. Нэг оюутнаас авч буй сургалтын төлбөр маш бага. Иргэдийн амьдралын түвшин тааруу учраас сургалтын төлбөрөө өсгөж чадахгүй байгаа нь үүнд нөлөөлдөг. Тэгвэл үйл ажиллагаанд нь шаардлагатай хөрөнгийг төсвөөс гаргаснаар МУБИС хүчин чадалдаа таарсан тооны оюутныг сургана. Ингэснээр оюутны тоо нь эрс багасаж, сайчууд нь орж, сайн бэлтгэгдэж төгсөнө. Оюутны тооны хойноос хөөцөлдөх шаардлагагүй болох учраас чанар ч дагаад сайжирна шүү дээ.
Хувийн сургуулиуд сургалтын тӨлбӨрийн зарцуулалтаа тайлагнана
-Манай улсад олон хувийн сургууль, цэцэрлэг ажиллаж буй. Тэдгээрийн үйл ажиллагааны чанараас үл хамаарч хүүхдийн тоогоор улсаас хувьсах зардал авдаг. Үүний үр дүн, гүйцэтгэлийг сайжруулах, хянах тал дээр шинэчилсэн хуульд хэрхэн тусгасан бол?
-Төр, засаг, хувийн хэвшил, олон нийт гээд бүх талын оролцоог бүрэн хангах зарчим баримталсан хуулиуд баталсан. Шинэчилсэн хуулиар хувийн өмчийн дунд сургуулиудад хоёр томоохон үүрэг ногдуулсан. Эхнийх нь өөрийн хэрэгжүүлж байгаа, эсвэл зарласан гадаадын хөтөлбөрүүдийг үнэлдэг холбогдох гадна, дотнын эрх бүхий байгууллагаар үнэлүүлж, дүгнэлтийг нь БШУЯ-нд хүргүүлж, уг мэдээллийг нь яамнаас олон нийтэд танилцуулах үүрэг хүлээх болсон. Эцэг, эхчүүдийн дунд эргэлзээ төрөх нь бий. Хүүхдийнх нь суралцаж буй сургууль зарласан хөтөлбөрөөрөө хичээл зааж байгаа, эсэхийг тэд мэддэггүй. Эс бөгөөс тухайн хөтөлбөрийг нэг удаа авчихаад, хаячихсан ч юм уу бүү мэд. Хувийн сургуулиуд гаднын хөтөлбөр авахдаа гадаадын магадлан итгэмжлэх байгууллагаар үнэлүүлдэг. Түүнийгээ тогтмол хийлгэж байна уу, ямар дүн авсан бэ, арайхийж 60 хувьтай тэнцсэн үү, эсвэл 90 хувийн үнэлгээ авч байна уу гэдгээ олон нийтэд зарладаггүй. Тэгвэл үнэлгээ хийлгэхийг шаардаж, дүнг нь зарладаг болж байна. Иргэд мөнгөө төлж авч буй бүтээгдэхүүнийхээ чанарыг мэддэг байх ёстой шүү дээ. Энэ бол хувийн өмчид халдаж буй асуудал огт биш.
Хоёр дахь үүрэг нь хувийн сургуулиуд сургалтын төлбөрийн зарцуулалтаа олон нийтэд тайлагнадаггүй. Дийлэнх нь ашгийн бус олон нийтийн байгууллагаар бүртгүүлсэнтэй энэ нь холбоотой. Боловсролын багц хуульд дээрх сургуулиудыг ашгийн, эсвэл ашгийн бус гэдгээ нийтэд зарла гэж тусгасан. Ашгийн байвал татвараа төлж, ашгийн бус бол нийтэд тайлангаа танилцуулах ёстой. Өмнө нь тайлангаа танилцуулахыг хэн ч шаардах эрхгүй байсан. Тэгвэл тухайн сургуулийн Удирдах зөвлөлд эцэг, эх, сурагчдын төлөөлөл орж, тайлангаа заавал олон нийтэд мэдээлдэг байх хуулийн зохицуулалттай боллоо. Тэд дээрх мэдээлэлтэй танилцдаг байх ёстой, танилцуулахгүй бол төрийн захиргааны байгууллагад хандаж гомдол гаргах эрхтэй болсон. Өмнө нь Удирдах зөвлөлд нь дээрх төлөөллүүд багтаж чаддаггүй байсан. Мэдээж энэ бол хувийн бизнес мөн. Гэхдээ хэрэглэгчдийнхээ эрх ашиг, боловсролын тогтолцооны стандартыг хангаж байна уу, үгүй юү гэдгийг төр хянах, үнэлэх, олон нийтэд нээлттэй байх зарчим баримтлах нь зүйтэй.
Үндсэн хуульд заасанчлан ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох үүргийг төр хүлээдэг. Хувийн сургуулиудад 40 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Тэдгээр хүүхдийг улсын сургуульд сургана гэвэл хичээлийн байр ч, багш ч хүрэлцэхгүй, тийм зардал даах чадвар төрд байхгүй. Төрийн зарим чиг үүргийг хувийн сургуулийнхан хуваалцаж байгаа тул хувьсах зардал өгдөг. Тэдгээрт өгч буй хувьсах зардлын хэмжээ нь улсынхад өгч байгаагаас харьцангуй бага. Хувийн сургуулиудад өгч буй хувьсах зардалд ямар ч хяналт тавьдаггүй байсан бол шинэчлэн баталсан хуулийн дагуу БШУЯ-тай гэрээ байгуулснаар олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, боловсролын стандарт, норм дүрмийг хангаж ажиллах шаардлага тавьж, энэ талаарх гэрээг БШУЯ, тухайн сургууль байгуулах юм. Улмаар яамнаас гэрээний хэрэгжилтийг нь дүгнэнэ. Үүргээ биелүүлж байж хувьсах зардлын мөнгөө авна гэсэн үг.
Багш нарыг сэлгэн ажиллуулах боломжтой
-Улсын болон хувийн сургуульд олгож буй боловсролын чанарын ялгаа маш зөрүүтэй байгааг олон нийт шүүмжилдэг. Төлбөр төлөх боломжтой хэсэг нь хүүхдээ хувийн сургуульд сургаж, олонх нь улсын сургуульд хамруулдаг боловсролын тэгш бус тогтолцоо үүсээд удлаа. Улсын сургуулийн нэг ангид 51 хүүхэд сурч байх жишээтэй. Ийм тохиолдолд багшийн ачаалал, сурагчдад тавих анхаарал ямар байх нь ойлгомжтой. Нийгмийн энэ гажуудлыг шинэ хуулиар өөрчлөх, боловсролыг тэгш хүртээмжтэй олгох боломжтой юу?
-Боловсролын тогтолцоонд хоёр гол зарчим баримталж байна. Нэгдүгээрт, тэгш хүртээмжийг хангах ёстой. Хоёрдугаарт, тэгш боломж олгох ёстой. Ний нуугүй хэлэхэд, бид санхүүжилтээ л сайн шийдэх хэрэгтэй. Улаанбаатарт хэт их төвлөрөл үүсэж, нэг ангид 50, 60 хүүхэд сурч байгаа нь үнэн. Энэ нь сургуулийн чанартай холбоотой. Сайн сургууль, сайн багшаар хүүхдэдээ хичээл заалгах гэсэн аав, ээжүүдэд буруу байхгүй. Багш, сургуулийн ч буруу биш. Энэ бол төрийн бодлогын алдаа. Хотын захын дүүргийн анги дүүргэлт 20, 30 хүүхдээс хэтрэхгүй. Нэг, 11, 23 дугаар сургуульд нэг ангид нь 40, 50 ч юм уу хүүхэд байгаа. Яагаад гэвэл тэдгээр сургуульд хичээлийг сайн зааж байна. Энэ ялгааг арилгаж байж нэг ангид 50 давсан сурагч суралцахыг багасгана. Тэгэхээр хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль гэсэн тогтолцоонд шилжинэ.
Боловсролын багц хуульд нэг “сүрхий” заалт орсон талаар хүмүүс төдийлөн ярихгүй байх шиг. Аймгийн Боловсролын газрын дарга тухайн орон нутагт олгож буй боловсролын чанарыг хариуцахаар болж байгаа. Нийслэлийн Боловсролын газрын дарга нэгдүгээр сургуулийн математикийн сайн багшийг хотын захын сургуульд аваачиж ажиллуулах эрхтэй болсон. Хөдөлмөрийн хуультай холбогдсон зохицуулалтыг ч тусгасан. Жишээлбэл, Баянгол дүүргийн Боловсролын газрын дарга харьяа дүүргийнхээ боловсролын байгууллагуудын боловсон хүчнийг сэлгэн ажиллуулах эрхтэй. Хамаг сайн багш нар нь нэг сургуульд төвлөрсөн бол тэр сургууль сайн байхгүй гээд яах вэ. Хотын захын хороон дахь сургуулийн багш төвийн сургуульд ирж нэг улирал туршлага хуримтлуулаад буцаад сургууль дээрээ очно. Хотын төв дэх сургуулийн сайн багш захын хорооллын сургуульд очиж, сургалтын чанарыг нь сайжруулахад оролцоод буцаад ажлын байран дээрээ ирдэг байх зохицуулалтыг тусгаж, энэ эрхийг Боловсролын газруудад өгсөн. Товчхондоо, сэлгэн ажиллуулах боломж олголоо. Мэдээж ийм шийдвэр гаргахад хэм хэмжээтэй байх юм. Багшийг богино хугацаанд сэлгэн ажиллуулах бол Боловсролын газар шууд шийдэж болно. Харин удаан хугацаанд бол тухайн багштай зөвшилцөж, гэрээ хийж байж шийдэх юм. Энэ нь тэгш боломжийг хангахад чиглэсэн зохицуулалт.
Дээр цухас өгүүлсэнчлэн алслагдсан байдлаас хамаарч хувьсах зардлын хэмжээ буюу санхүүжилт нь нэмэгдэнэ. Алс газар очиж ажиллавал багшид илүү цалин өгнө, орон байраар хангана гэсэн үг. Одоо ямар асуудал үүсэж байна гэхээр зарим аймаг багш нараа орон сууцжуулахаар хоёр өрөө байрны гэрээ байгуулаад бусад аймгаас сайн багш нарыг нь татаад эхэлж байна. Тиймээс ч багш нарыг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгалаа. Үүнд зориулж улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгах юм. Боловсролын багц хуулийн төсөл боловсруулах үед Монгол Улсад ойрын ирээдүйд 20 мянган багш дутагдана гэсэн тооцоо гарч байсан. Үүнийг дижитал орчны давуу байдлыг ашиглан нөхөхөд анхаарна. Ер нь багшийн цалин, нийгмийн баталгаа, урамшууллыг үе шаттайгаар эрс нэмэгдүүлж байж үр дүнд хүрнэ. Хүн бүр Финландын боловсролын системийг сайшаадаг. Тус улсад хамгийн чадвартай хүмүүс нь багш болдог, болохыг хүсдэг. Ийм л орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй.
-Хуулийн төсөлд англи хэлийг бага ангиас нь заахаар тусгасан нь олон нийтийн анхаарлыг татаж, маргаан ч үүссэн. Англи хэлийг бага ангиас нь заахыг зарим хүн эсэргүүцэж, тусгаар тогтнол, эх хэлд сөргөөр нөлөөлнө ч гэж байв. Дээрх хэлийг сурагчдад гуравдугаар ангиас зааж эхлэхээр болсон байх аа?
-Тийм ээ, гуравдугаар ангиас нь заахаар БШУЯ шийдвэрлэсэн байна лээ. Анх удаа Монголын боловсролын тогтолцооны үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж тусгаж чадлаа. Энэ талаар зарим шүүмжлэлт байр суурь гарч л байсан. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Шинэ дэлхий, шинэ ирээдүй англи хэлгүйгээр урагш нэг ч алхахгүй болсон шүү дээ. Зарим хүн хоёр тусдаа зүйлийг хольж яриад байгаа юм. Монгол хэлний сургалт муу байгаа нь гадаад хэлээс ерөөсөө болоогүй. Монгол хэлний сургалт муу байгаад л асуудал бий. Англи, эсвэл хятад хэлийг заагаад ч юм уу харь хэлний дарангуйлалд орно гэж байхгүй. Бид социализмын үед бүх л сэхээтнээ орос хэлээр бэлддэг байсан. Тухайн үеийн хэрэгцээ, шаардлага нь тийм байсан учраас л тэр. Тэглээ гээд монгол хэл мөхчихөөгүй. Монгол хэлнийхээ ач холбогдлыг өндөрт өргөх ёстой гэдэгтэй санал нийлэлгүй яах вэ. Иймээс хуульд “Монголын боловсролын үндсэн хэл монгол хэл байна. Монголын боловсролын үндсэн гадаад хэл нь англи хэл байна. Энэ нь бусад гадаад хэлийг үзэх эрх чөлөөнд халдахгүй” гэж тусгасан. Хуульд ийн тусгаж байж л англи хэлний түвшнийг сайжруулахад зориулж төсөв тусгана. Ингэж байж сурагчдын англи хэлний түвшин дээшилнэ. Англи бол дэлхий нийтийн хэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх.
Боловсролын зээлийн сантай холбоотой маргаан их гарсан. Яагаад боломжтой айлын хүүхдүүд эл сангаас зээл аваад байгаа юм. Тэд англи хэлтэй болохоор л зээл авчихаад байгаа хэрэг. Шалтгаан нь ердөө л энэ. Хүүхдээ сайн боловсролтой болгосон аав, ээжийн буруу энд огт байхгүй. Бидний тогтолцооны гажиг манай нийгмийг хоёр хуваагаад байсан хэрэг. Англи хэлийг бага ангиас нь заахаар тусгасан нь тэгш эрх, тэгш боломжтой холбоотой маш чухал зохицуулалт болсон. Дахин онцлоход, монгол хэлний сургалт муу байгаа нь англи, эсвэл франц, герман хэлтэй ямар ч хамаагүй. Монгол хэлний сургалт л муу байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр бид монгол хэлнийхээ сургалтыг ч эрс сайжруулах хэрэгтэй гэсэн үг.
-МСҮТ-ийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, мэргэжлийн боловсролын сургууль болгон нэршлийг нь өөрчилсөн. Мэргэжлийн боловсрол олгохтой холбоотой өөрчлөлтөөс дурдана уу.
-Мэргэжлийн боловсролын сургуульд амьдрал тааруу, эсвэл сурлага муутай хүүхдүүд ордог гэсэн ойлголт өөрчлөгдөнө. Үнэндээ дээд боловсролтой ажилгүйчүүдийг хангалттай бэлдлээ шүү дээ, бид. Одоо болих хэрэгтэй. Сайн мэргэжилтэй ажилчин хүний орлого маш өндөр болсон цаг. Мэргэжлийн боловсролын тогтолцоо илүү герман хэв загвартай болно. Үйлдвэрлэгч байгууллагууд, компаниудын захиалгаар МҮХАҮТ-тай хамтарч мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тогтолцоонд шилжиж байна. Зах зээлийн баримжаатай мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болж эрс өөрчлөгдөнө. Төр төлөвлөөд байх гэхээс илүүтэй зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дагуу мэргэжлийн боловсон хүчнээ бэлддэг тогтолцоонд шилжиж байгаа юм. Жишээ нь, тав, зургадугаар зэргийн гагнуурчин сард 10 сая төгрөгөөс бага цалин авдаггүй. Гэтэл ийм мэргэжилтэн олддоггүй, дутагдалтай байдаг. Харин МСҮТ-д ийм мэргэжилтнийг бус, үсчин, тогооч олноор бэлджээ. Энэ мэт зөрүүг зах зээл өөрөө арилгаад явна гэсэн үг.