УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараалалд Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг оруулсан гэх өөдрөг мэдээллээр нийтлэлээ эхлүүлье. “Зорьсондоо” баг эл хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, олон нийтэд зөв, цэгцтэй мэдээлэл олгох зорилго тавин, цуврал нийтлэл бэлтгэж буй. Энэ удаа бид хүүхэд үрчлэх нэрийн ард халхлагдсан далд бизнес, хууль бус асуудал, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.
Гадаадынхан хүүхэд үрчлэхэд маш нухацтай ханддаг. Ялангуяа Швед, Финланд, Дани, Бельги, Нидерланд, Германы хүүхэд хамгааллын тогтолцоо нь гэр бүлд үйлчлэх байгууллагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Швед гэхэд 1902 онд үрчлэлтийн талаарх бодлого, эрх зүйн баримт бичгээ боловсруулжээ. Тус улсын хүүхэд хамгааллын тогтолцоо нутгийн удирдлагад хамааралтай. Шведэд хүүхдийг үрчлэх, үрчлүүлэх тухай асуудлыг хуульчлахдаа нийгмийн хамгааллын тогтолцоог нь давхар тусгасан аж. Дараа нь АНУ, Англи улс Үрчлэлтийн тухай хуультай болсон. Англи, АНУ-д хүүхэд хамгааллын бие даасан тогтолцоо, бүтэц механизмтай гэсэн үг. Эдгээр улсын зохицуулалт нь дэлхий дахинд үр дүнтэй хүүхэд хамгааллын аргад зүй ёсоор ордог ажээ.
Харин Монголд үрчлэлтийг цогцоор шийдсэн хууль, эрх зүйн орчин дутмаг. 1999 онд баталсан, өдгөө нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн гэсэн шүүмжлэлийн бай болоод байгаа Гэр бүлийн тухай хуулиар үрчлэлтийг зохицуулж буй. Үрчлэлтийг гадаад, дотоод гэж ангилдаг. 1998 онд Гаагийн конвенцод нэгдэж, 1999 онд Гэр бүлийн тухай хууль баталж, 2001 онд Хууль зүй, дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хамтарч Хүүхэд үрчлэлтийн журам гаргаснаар манай улс эл харилцааг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх болжээ. Гаагийн конвенцын албан ёсны цахим хуудсанд дэлхийн аль аль оронд хэчнээн хүүхэд үрчилсэн, үрчлүүлсэн гэх мэдээллийг ил тод байршуулдаг. Харин Монголын үрчлэлтийн талаарх тоо баримт алга.
Үндэсний статистикийн хорооны 1212.mn цахим хуудсанд Монгол Улс Гэр бүлийн тухай хуулиа баталсан 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 17 оронд 272 хүүхэд үрчлүүлсэн гэх товч мэдээлэл оруулжээ. Дотоодод бол улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1478 хүүхэд үрчлүүлсэн дүн мэдээ байна. Ер нь Монголд үрчлэлтийг зохицуулсан эрх зүйн орчин бүрдүүлээгүй, үүнд хайнга ханддаг, дараагийн шатны хяналт байхгүй, тоон мэдээлэл, судалгаа дутмаг хэмээн Гаагийн конвенцын хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх бүхий байгууллагаас манай Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Үүнээс гадна Засгийн газар Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулна хэмээн 2009 оноос хойш ярьж буй. 2009 онд үрчлэлт хариуцсан олон улсын есөн байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж байж. Засгийн газар дээрх хуулийн төслөө боловсруулж, буцааж, гацааж, яамд хооронд дамжуулсаар, ажлын хэсэг өөрчлөгдсөөр үндсэндээ замхарч, гадаадын байгууллагууд ч нэг нэгээрээ Монголоос гарсаар өдгөө гурав л үлдсэн юм билээ.
Гадаадын иргэн Монголоос хүүхэд үрчилж авах бол Гэр бүлийн тухай хуульд заасан зохицуулалтыг мөрдөнө. Ингэхдээ ХНХЯ-нд хүсэлтээ өгнө. Тус яамнаас судалгаа, дүгнэлт хийнэ. Улмаар дүгнэлтээ Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-т илгээнэ. Эцсийн шийдвэрийг ГИХГ гаргах бөгөөд энэ тухайгаа ГХЯ-нд мэдэгдэнэ. Гадаадын иргэн үрчилж авсан хүүхдийнхээ талаар Монгол Улсад жил бүр тайлагнах учиртай. Тухайлбал, 0-3 насныхны мэдээ, тайлангаа зургаан сар тутам, 4-8 насны хүүхдийн тайланг нэг жил тутам, 8-16 настнуудын тайланг хоёр жил тутам гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Энэ ч үүргээ сайн биелүүлдэг гэнэ.
Дотоодын иргэдийн хувьд Монголд Улсын иргэншилтэй 65-аас доош насны, эрх зүйн чадамжтай, гэр бүлтэй, ажилтай, орлоготой, хүүхэд үрчилж авч болно. Иргэн өргөдөл гаргасны дагуу хорооны нийгмийн ажилтан дүгнэлт бичдэг. Эл дүгнэлт хууль, журамд нийцдэг, эсэх нь эргэлзээтэй. Цаашлаад нийгмийн, хорооны, бүртгэлийн ажилтан гээд үрчлэлтийг хариуцсан мэргэжилтэн дүүрэг, сум бүрт өөр өөр байх жишээтэй. Ингээд тэдний Засаг дарга дүгнэлтийг үндэслээд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу үрчлэх шийдвэр гаргадаг.
Монголд хүүхэд үрчлэлтийн харилцааг ийм маягаар зохицуулдаг. Харин дээр дурдсан өндөр хөгжилтэй орнуудад арай өөр журмаар буюу хариуцлагатайгаар зохион байгуулдаг аж. Жишээ нь, хүүхэд үрчилж авах гэр бүлийн санхүү, эрүүл мэнд, боловсрол, зан үйл гээд нөхцөл байдлын судалгааг маш нарийн гаргана. Дараа нь тухайн гэр бүлд хүүхдийг зургаан сараас нэг жилийн хугацаанд амьдруулна. Улмаар хэр ээнэгшин дассан, хэрхэн анхаарал тавьсан зэргийг үнэлж шүүхээс хүүхдийг үрчлэх, эсэх эцсийн шийдвэрийг гаргадаг. Үүнээс гадна хүсээгүй жирэмслэлт, жирэмсэн үед нь нөхөр нь хаясан зэрэг шалтгаанаар хүүхдээ үрчлүүлэх бол урьдчилж улсынхаа нэгдсэн цахим санд бүртгүүлдэг. Нөгөө талаас хүүхэд үрчилж авах хүсэлтэй иргэд ч уг цахим санд мэдээллээ хаалттайгаар байршуулна. Ингээд цахим сангийн ажилтнууд хоёр талын эрх ашиг нийцсэн, нийгмийн баталгаа бий, эсэхийг дүгнэнэ. Улмаар эцсийн шийдвэрийг тухайн улсын шүүх гаргана.
Эргээд Монголын нөхцөл байдлыг харъя. Үрчлэлтийн нэгдсэн сан Монголд байхгүй. Шүүхээс үрчлэлт буцаах шийдвэр гаргадаг ч Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ талаарх тоймтой судалгаа алга. Тиймээс хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхийн тулд Гэр бүлийн тухай хуулийн төсөлд үрчлэлтийн эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг байлгахаар өөрчлөлт оруулж буйг ХНХЯ-наас мэдээлсэн. Мөн хууль бус үрчлэлтийг таслах зогсоох, хяналт тавих зохицуулалтыг хуульд тусгасныг онцолсон. Учир нь Монголд хууль бус үрчлэлт хавтгайрсан. Гэхдээ зорилтот бүлгийнхэн буюу асрамжийн газрын хүүхдүүд үрчлэгдэж чаддаггүй. Харин одон авах гэсэн ээжүүд, халамж хүртэх гэсэн иргэд, эрт тэтгэвэрт гарах гэсэн хөгшид, ураг удмын дотроо хүүхэд үрчлэх нь элбэг болсныг хэд хэдэн судлаач хэллээ. Хууль бус үрчлэлттэй холбоотой тодорхой жишээг энд өгүүлье. Нэгэн жирэмсэн ээж хүсээгүй хүүхдээ бусдад өргүүлэхээр тохиролцжээ. Улмаар хүүхдээ төрүүлж бусдад өгсөн ч бичиг баримтыг нь өөртөө үлдээсэн. Ингэснээр улсаас халамж, тэтгэмж авсаар байж. Тиймээс хүүхэд үрчилж авсан тал хуулийн байгууллагад хандаж, шүүхээс дээрх иргэний эх байх эрхийг хасаж, хүүхдийн бичиг баримтыг үрчилж авсан талд нь шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Үүнээс гадна оюутнууд жирэмсэн үедээ хүүхдээ бусдад үрчлэхээр аман хэлэлцээ хийж, байрны төлбөр, эмнэлгийн зардал, амьжиргааны мөнгө авах нь ихэссэн хэмээн нэгэн хуульч ярьсан. Ер нь Монголд асрамжийн газраас хүүхэд үрчлэгдэхгүй хэрнээ хуулиас гадуурх үрчлэлт нэмэгдсээр байгаа аж. Үүний тод илрэлийг цахим орчин дахь хаалттай группийн зар, төрөх эмнэлгийн ажилтнууд, хорооны нийгмийн ажилтнаар дамжуулан хүүхэд үрчлэн авдаг байдлаас харж болох юм. Өөрөөр хэлбэл, ашиг хонжооны журмаар хүүхэд үрчлэх болсон тул Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд эл асуудлыг таслах зогсоохоор ажиллаж буй.
Үрчлэлт гэдэг нэг талдаа хүүхэд хамгааллын үйлчилгээ. Хүүхдийг насанд хүртэл нь асарч, халамжилж, хайрлаж, нандигнаж, төрсөн эцэг, эхээс өөрцгүй хариуцлага хүлээхийн нэр юм. Харамсалтай нь, Монголд үрчлэлтийг хүүхэдтэй байх хэрэгцээ шаардлагыг л хангах арга хэмжээ мэтээр хардаг, ойлгодог. Үүний ард хүүхэд хамгааллаа орхигдуулдаг. Улмаар төрийн аль ч хууль, журамд хүүхдийг үрчилсний дараа хариуцлагын талаар тусгаагүй, дараагийн шатны хяналт ч тодорхойгүй. Тиймээс энэ бүхнийг Гэр бүлийн тухай хуульд нэмэлтээр зайлшгүй тусгах ёстой гэж судлаачид үзэж буй. Тэдний нэг болох гэр бүл судлаач, доктор Б.Жавзанхүү “Гэр бүлийн тухай хуулийг энэ онд шинэчлэн баталбал монголчуудын олонх нь талархана. Гэхдээ иргэд Гэр бүлийн тухай хуулийг амьдралд ойр, хөрсөнд буусан байгаасай гэж бодож байгаа. Залуучууд эл хуулийг шинэчлэн батлахыг нь хүлээж буй бол бодлого боловсруулагчдаас тэр хэрээр шаргуу шаардах хэрэгтэй. Төр, засаг хүүхэд үрчлэх асуудалд бодлоготой хандах ёстой. Хүүхдийг дотооддоо үрчлүүлж байгаа бол үрчлэн авсан эцэг, эхтэй нь хойшид байнга холбоотой ажиллаж, хүүхдийг эрүүл, тайван, аюулгүй, баталгаатай орчинд өсгөж хүмүүжүүлж буй, эсэхийг хянаж, ажиглан, судлах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ заалтыг оруулсан. Дотоодод эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үрчлэхгүй. Тийм хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлэх арга барил, орчин, нөхцөл өөр байдаг. Тиймээс үрчлэгдэх боломжгүй хүүхдийг 18 нас хүртэл нь асран хамгаалж, хүмүүжүүлэхэд Монголд хүний нөөц хэрэгтэй. Өмнө нь гадаадын иргэд хүүхдүүдийг нас, царай зүс, биеэр нь шинжээд, үрчилж авах санал тавихад манай талаас шууд хүлээж авдаг байсан. Үүнийг хязгаарласан тул сүүлийн үед гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх нь өмнөхөөс буурсан. Үнэнийг өгүүлэхэд, манайд гадаадын иргэнд хүүхэд үрчлэх асуудалд эзэн олон болчихдог. Би хариуцъя гээд яам, агентлагууд хүртэл нэгнээсээ өрсөж уралдана. Дотоодын үрчлэх асуудалд хариуцах эзэн, дуугарах ч хүн олддоггүй. Төрийн албан хаагчид үрчлэлийн асуудлыг хариуцах нь чухал байдаг. 2000 оноос хойш төрийн байгууллагуудын уралддаг болсон гол зүйл нь миний сонирхлыг олон жил татсан юм. Хамгийн гол нь хүүхэд үрчилж авсан гадаадын иргэнтэй холбоотой байж, тухайн улсад ажиллаж, амьдрахаар явахад виз асуудалгүй гаргуулах зорилготой байдаг. Тэнд очоод байр сууриа олж, амьдрах орчин бүрдүүлэхэд хэрэгтэй болохоор тэр” хэмээн ярилаа.
Б.Батсайхан: Хүүхэд үрчилсний дараа хянах ямар ч зохицуулалт алга
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд үрчилсний дараах хяналт хэр байгааг судалжээ. Тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайханаас энэ талаар тодрууллаа.
-Танай байгууллага хүүхдийн үрчлэх асуудалд ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
-Манай хэлтэс үрчлэлттэй холбоотой материал, өргөдөлд тулгуурлан тухайн хүүхэд гэр бүлд үрчлэгдэх боломжтой, эсэхэд нь зөвхөн дүгнэлт гаргадаг. Эцэг, эхийн нөхцөл байдал, тэжээн, тэтгэх, эсвэл ямар зорилгоор үрчилж авах гэж буйг нь нягталж, үнэлдэг. Материалын хамт уг дүгнэлтийг холбогдох дүүрэг, орон нутгийн Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргүүлдэг юм. Тухайн хэлтэс Засаг даргадаа танилцуулснаар үрчлэлтийг батламжилж, захирамж гаргадаг. Захирамжийг үндэслээд иргэний бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгоно. Тиймээс тоо бүртгэлтэй холбоотой мэдээлэл манайд байдаггүй. Бид хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
-Дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс үрчлэлттэй холбоотой материалыг нягталдаг уу?
-Нийслэлийн есөн дүүрэг өөр өөр зохион байгуулалттай. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт хүүхэд үрчлэхтэй холбоотой материалыг Нийгмийн хөгжлийн хэлтсийнхэн нягталдаг. Гэр бүлийн хэлтэс нь дүгнээд, захирамж гаргадаг. Манайхаас тийм зохицуулалт байхгүй гээд дүүргийн Засаг даргын Тамгын газарт нь зөвлөмж хүргүүлэхээр хүлээж авдаггүй. Тиймээс хяналт сул, мэдээллүүд нь ч олддоггүй. Чингэлтэй дүүрэг Засаг даргын Тамгын газрын дэргэд зөвлөл байгуулсан. Сард нэг удаа уг асуудлаар хуралдаж, захирамжийн дагуу холбогдох газруудад чиг, үүрэг өгөөд, хяналт тавьдаг. Ажил, үүргийн хуваарилалт энэ мэт алдагддаг. Хэн нэгэн асрамжийн газраас хүүхэд үрчилж авчихаад гурван жилийн дараа буцаасан асуудал гарсан. Тухайн хүүхдийн нэр дээр эд хөрөнгө байна уу гээд үзэхээр аль хэдийн өөр хүний нэр дээр шилжүүлсэн байв. Насанд хүрээд амьдрал ахуйгаа өөд нь татах гэхээр тэр хүүхдэд боломж байдаггүй. Эргээд асрамжийн газарт хандах тохиолдол гардаг.
-Үрчлэгдсэн хүүхдүүдийн мэдээллийн санг хэрхэн бүрдүүлдэг юм бол?
-Нэгдсэн мэдээллийн сан байхгүй. Хорооны нийгмийн ажилтнууд тогтвортой ажилладаггүй тул хэзээ, ямар хүнд үрчлэгдэж, аль хаягт оршин сууж байгаа гэх мэт нөхцөл байдлын судалгаа байхгүй. Бас нэг бэрхшээл, төөрөгдүүлдэг зүйл нь төрөл садныхаа асаргаанд байгаа болон эмээ, өвөөтэйгөө хамт амьдардаг хүүхдийг үрчилсэнд тооцдог. Бүтэн өнчин хүүхэд төрийн байгууллагын янз бүрийн үйлчилгээнд хамрагдах гэхээр хэн нэгний асрамжид байх шаардлагатай болдог. Ийм тохиолдолд асран хамгаалагч нь тухайн хүүхдийг үрчилж авсанд тооцож, тоонд оруулдаг. Энэ талын бүртгэл, мэдээлэл хангалтгүй. Хоёр, гурван байгууллага дамнасан асуудал болж таардаг. Тодорхой шийдэл, зохицуулалт байдаггүй. Дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн үүнийг хариуцна гэдэг. Мөн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ийм бүртгэл мэдээлэл байна гэх боловч тэд асуудлыг өөрөөсөө зайлуулж, хоорондоо “шидэлцдэг”. Дүүрэг бүрийн зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагатай болгоё гэхээр зарим нь хүлээж авдаггүй. Тэд ажлын чиг, үүргээ мэддэггүйгээс хүүхдийн эрх ашиг хохирч байхад ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Мөн ихэнх дүүрэгт хүүхдийн үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхгүй. Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт энэ чиглэлийн мэргэжилтэнтэй. Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн улсын байцаагч нь үрчлэлтийн асуудлыг хариуцдаг байсан ч ажлаасаа гарсан. Одоогийн Гэр бүлийн тухай хуульд үрчлэлттэй холбоотой дорвитой зохицуулалт байдаггүй нь хүндрэлтэй.
-Эцэг, эхийн хариуцлагагүйгээс болж хүүхдүүд асрамжийн газарт хэр ханддаг вэ?
-Сүүлийн үед асрамж халамжийн төвд эцэг, эхтэй хүүхдүүд ч ирдэг болсон. Аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ тэжээж чадахгүй, удаа дараа хүчирхийлэл үйлдсэн, хаяж явдаг, гуйлга гуйлгадаг зэрэг шалтгаанаас болж тэд ирдэг. Эцэг, эх байхыг нь түдгэлзүүлэх гэхээр тэдэнд завшаан болох гээд байдаг. Шийтгэлийн ганц арга нь энэ боловч өөр ямар ч үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Хуульд торгуулийн арга хэмжээ ч байдаггүй. Хэдэн жилийн дараа хүүхдээ ирж авна гэчихээд авдаггүй. Үрчлүүлэх гэхээр зөвшөөрдөггүй. Дахиж хүүхэд төрүүлээд тэжээж, асарч чадахгүй нь гээд асрамжийн төвд авчрах жишээтэй. Халамжийн төвд орсон бол эргэж гарахгүй нөхцөлийг бүрдүүлдэг. Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталсан ч өнөөг хүртэл шинэчлээгүй.