Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.
Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан, нийт 310 хүүхдийн нэрийг зарлаж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2022 онд өөрчлөлт орсон. Шинэчилсэн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авч, онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол болзол хангах юм.
Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.
Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99045597