Ус, цагуур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн бэлчээрийн даацыг улсын хэмжээнд тодорхойлон гаргажээ. Ингэхдээ аймаг, сум, баг бүрийн нутаг дэвсгэрийг хамруулж, бэлчээр бүхий талбайн хэмжээ, газрын гарц, малын тоо зэрэг үзүүлэлтэд тулгуурлан даацыг тодорхойлсон юм байна. Тус хүрээлэнгээс гаргасан дүн мэдээллээр манай орны нийт нутгийн 51.5 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ. Харин үлдсэн хувьд нь бэлчээр хүрэлцээтэй гэсэн дүн гарсан аж. Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгийн ихэнх сум, багийн нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн тул 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйг дээрх байгууллагаас анхааруулжээ. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн Баяннуур, Сагсай, Толбо, Буянт, Ховдын Мянгад, Буянт, Дөргөн, Мөст, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Өмнөговийн Гурвантэс, Сэврэй, Ноён, Баяндалай, Баян-Овоо сумд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.
Уг нь энэ зун нийт нутгаар хур бороо элбэг орж, зуншлага сайн байсан. Гэсэн ч дээр дурдсан аймаг, сумуудад малын тоо толгой хэт олширсон нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Тиймээс уг мэдээлэлд үндэслэн эрсдэл өндөртэй аймаг, сумуудын малчид, холбогдох байгууллагынхан өвс, хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, малын тоо толгойг бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс хэрэгжүүлэх нь зүйтэйг тус хүрээлэнгээс зөвлөсөн байна.
Бэлтгэсэн: М.Оч