Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор авто замын болон хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг дагаад зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн тохиолдол ч өсдөг. Тэгвэл цагдаагийн байгууллага хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй ирээдүй” уриан дор “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард 86 хүүхэд зам, тээврийн осолд өртөж, зургаа нь нас барсныг цагдаагийн байгууллагынхан онцлов. Үүний дийлэнх нь жолооч нарын хариуцлагагүй, эцэг, эх, асран хамгаалагчдын хэнэггүй байдлаас үүдэлтэй байжээ. Ялангуяа эцэг, эхчүүд цэцэрлэгийн багачуудыг ах, эгчээр нь авхуулах, хүүхдээ сургуульд ганцааранг нь явуулах, авто замын хажууд буулгах зэргээр тэднийг эрсдэлд оруулдаг гэнэ.
Есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх “Хичээл эхэллээ” аяны хүрээнд цагдаагийн байгууллага иргэд, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн аян, арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ. 538 сургуульд өсвөрийн сэргийлэгчдийг ажиллуулах нь. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр 1322 чиглэлд 4032 алба хаагч ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн худалдаа, үйлчилгээний газруудад эргүүл, хяналт, шалгалт зохион байгуулж эхэлжээ. Ташрамд дурдахад, энэ оны эхний долоон сард хүүхэдтэй холбоотой зам, тээврийн 425 осол бүртгэгдэж, 435 хүүхэд гэмтжээ.