Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буй билээ. Энэ сарын 18-ны байдлаар 2829 иргэн, аж ахуйн нэгжээс (71 хувь нь Улаанбаатар, 29 хувь нь орон нутгийн) 1.17 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Тэгвэл 1688 иргэн, аж ахуйн нэгжид 447.6 тэрбумын зээл олгоод буйг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Тэдний 59.7 хувь нь нийслэл, 40.3 хувь нь орон нутгийнх аж. Арилжааны банкуудын зээл шийдвэрлэлтийн хувь “Хаан банк”-ных 45.6, “Худалдаа, хөгжлийн банк”-ных 79.6, “Голомт банк”-ных 20.7, “Төрийн банк”-ных 18.3, “Хас банк”-ных 34.7, “Капитрон”-ых 46.5, “Богд банк”-ных 29.8 байжээ.
Дээрх эх үүсвэрийн 274.2 тэрбумыг нь эргэлтийн хөрөнгө (газар тариаланд 107.8, хүнсний үйлдвэрлэлд 145.1, мал аж ахуйн үйлдвэрлэлд 21.4), 173.3 тэрбумыг нь хөрөнгө оруулалтын зээл (газар тариаланд 30.5, хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэлд 133.6) эзэлсэн байна. Харин эл үлдэх 9.2 тэрбумыг нь ямар зориулалтаар олгосныг дурдаагүй байв. Ташрамд дурдахад, АХБ-ны санхүүжилтээр долоон мянган га талбайг усалгаатай болгохоор “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж буй. Эл төслийн хүрээнд найман аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын дөрвөн услалтын системийг шинэчлэн сайжруулснаар дээрх хэмжээний талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах аж.
Одоогоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгийн 10 сумд 3031 га талбайг услах хүчин чадалтай систем барихад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад буй гэнэ. Энэ онд багтаан эхний ээлжид 2-3 системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. Инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилд дунджаар найман мянган тонн хүнсний ногоо, 90 мянга орчим тонн малын тэжээл үйлдвэрлэх боломж бүрдэх нь. Төслийн үр дүнд усалгаатай талбайн хэмжээг одоогийнхоос 10-12 хувиар нэмэгдүүлснээр уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, дулаарлын нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах зэрэгт хувь нэмэр оруулах гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор