2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэлжээ. Тиймээс дараах шаардлагыг хангасан оюутнууд сургуулийнхаа сургалтын албанд хандаж материал өгөх шаардлагатай аж.
"Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах боломжийг бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч, эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч, цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч нарт олгодог.
Мөн нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч, "Монголын сайхан бичигтэн" уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч, төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч, өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч, төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч, аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч, Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч нар "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах боломжтой аж.