Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд найман аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын дөрвөн услалтын системийг шинэчлэн сайжруулснаар нийтдээ долоон мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах юм.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг долоон аймгийн 10 суманд нийтдээ 3031 га талбайг услах хүчин чадалтай услалтын системүүдийг барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилдээ дунджаар 8 мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм.
Төслийн үр дүнд усалгаатай тариалангийн хэмжээг одоогийн түвшнээс 10-12 хувиар нэмэгдүүлж чадсанаар уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, дулаарлын нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, хүнсний тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна.