Их, дээд сургуулиудын хичээл өчигдрөөс эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын гурван их, дээд сургуульд очин, оюутнуудын сэтгэгдлийг сонирхлоо. Хамгийн эхэнд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд очив. Тус сургуулийн оюутнууд хичээл сонголтоо хэдийн хийжээ. Энэ жил шинээр элссэн оюутнуудын нэг Л.Балжиннямаас сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сурах аж. Ирээдүйд илүү эрэлттэй болох магадлалтай учраас мэргэжлээ сонгосон юм байна. Анх ирэхэд их сандарсан гэдгээ хэллээ. Мөн шинээр элсэгчдэд зөвлөгөө өгч байсан, хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр сурдаг, дөрөвдүгээр курсийн оюутан Г.Рэнцэнжүгдэр “Өнөөдөр (өчигдөр) сургууль дээр ирэхэд гэртээ ирж байгаа юм шиг л дотно санагдсан” гэв.
Их сургуульд элсэн орж буй олонх оюутанд сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн энэ жилийн төлбөр өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал, хэрэглээний шинжлэх ухаан, гадаад хэлний болоод Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулиас бусад бүх салбар сургуулийн хичээлийн кредит цаг нь 157 274 төгрөг болж, өмнөх оныхоос долоо орчим хувиар өссөн аж.
СЭЗИС-ийн эдийн засаг, санхүү хариуцсан проректор Д.Өлзиймаа “Манай сургуулийн энэ жилийн төлбөр өмнөх оныхоос 10 орчим хувиар өссөн” гэв. Тус сургуульд очиход шинээр элссэн оюутнуудыг хүлээн авч уулзан, сургуулийн орчин, үйл ажиллагаатай танилцуулж, чиглүүлэх сургалт явуулж буй ментор оюутнууд байсан юм. Монгол Улсын боловсролын их сургуульд очиход хөл хөдөлгөөн харьцангуй ихтэй байлаа. Тус сургуулийн гуравдугаар курсийн оюутан Т.Алтан-Одоос сургалтын төлбөрийн талаар тодруулахад “Энэ хичээлийн жил нэг кредит цагийн төлбөр 112 800 төгрөг болж, өнгөрсөн оныхоос 20 орчим хувиар өссөн. Оюутны дотуур байрны төлбөр нэмэгдсэн нь хүндрэлтэй байна” гэв.
Бэлтгэсэн: Б.Оргил