УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар шинэчлэн баталсан Боловсролын багц хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, хүлээж авах хэмээн тодотгосон ёслол өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд боллоо. Уг уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боловсролын реформд нэгдэх үү” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр тэрбээр багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 2030 он хүртэлх хугацаанд төр 100 хувь хариуцахаар болсон тухай мэдээлсэн нь олон нийтийн гайхширлыг төрүүлээд байна. Бас багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцах гэнэ. Үүний тулд МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хөтөлбөрийг шинэчилж, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатайг мөн онцолсон. Хэдий тийм болов ч ямар ч тохиолдолд багшийн мэргэжлийг ийнхүү үнэгүйдүүлэх ёсгүй гэж олон нийт эсэргүүцэж буй юм.
Үнэхээр ч энэ нь ердөө ойрын хугацааны буюу МАН, Ерөнхий сайд сонгуулийн пиараа бодож, яаран гаргасан шийдвэр гэж хардахад хүрч байна. Их, дээд сургуулиуд 2023-2024 оны хичээлийн жилд суралцах оюутнуудаа хэдийн шалгаруулаад авчихсан. Тэгэхээр үнэхээр энд хэлсэнчлэн сургалтын төлбөрийг төр хариуцах бол оюутан элсүүлэх үйл явц ирэх хавраас эхэлж өрнөнө. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, тэдний эцэг, эхчүүдийн сэтгэлийг татаж, саналыг авах “мэргэн” аргуудын нэг биш гэж үү.
Улсын хэмжээнд багш дутагдалтай байгаа нь үнэн. Аль ч аймаг, сум, дүүрэгт энэ нь том асуудал болчихоод буй. Гэхдээ хүүхдүүд сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болоод багш дутагдчихаад байгаа хэрэг биш. Харин төгсөөд ажиллах нөхцөл, цалин, нийгмийн баталгаа, мэргэжлийн нэр хүнд муугаас шалтгаалсан юм.
Тиймээс оюутнуудын төлбөрийг төрөөс хариуцаад сургалаа ч ажиллах нөхцөл, цалин, хангамж одоогийнх шиг байх аваас тэд багшаар ажиллах уу. Аймаг, сумыг зорих уу. Боловсролын салбарт үнэхээр салхи оруулъя, шинэчилье гэж байгаа бол багш бэлтгэхээс эхлэх нь зүйтэй байх. Гэхдээ зөвхөн сургалтын төлбөрийг даагаад асуудлыг шийднэ гэж сэтгэсэн бол ёроолгүй саванд ус хийж гоожуулахаас өөрцгүй үр дүн гарах бизээ. Нөхцөл байдал ийм учраас олон нийт сургалтын төлбөрийг төрөөс даах бус, харин тэр хөрөнгөөрөө багш нарын цалинг нь нэмэх ёстой гэсэн байр суурийг түлхүү илэрхийлж байгаа. Өдгөө ажиллаж буй багш нар ч ийм бодолтой байна. Яаж ч бодоход төгсөөд ажиллах “чөдөр”-ийг нь бэлдэхгүй байж оюутнуудыг төрийн мөнгөөр дөрвөн жил угжаад, тал тал тийш алдах нь боловсролын салбар дахь шинэчлэл болохгүй. Харин төрийн хөрөнгийг үргүй зарсан хэрэг л болно.