Сүүний үхэр үржүүлэгчид харилцан туршлага солилцох зорилгоор “Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төв аймгийн Зуунмод хотод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мал Зүйч, Үржүүлэгчдийн Холбоо хамтран зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр “Сүүний үхрийн аж ахуй эрхэлсэн 30 жилийн ололт, амжилт, алдаа оноо сургамж дүгнэлт”, Тэжээлийг яаж хаягдалгүй ашиглах вэ?, “Сүүний аж ахуйг кластераар хөгжүүлэхийн давуу тал, туршлага, сургамж, цаашдын зорилт”, “Сүүний фермүүдэд чанартай даршийг хямд үнээр нийлүүлж, хоршиж ажиллах боломж”, “Сүү үйлдвэрлэлд оролцогч талуудын хамтын ажиллагаа буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нь”, “Сүү бэлтгэн нийлүүлэгч, боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагаа, ирээдүйн хөгжил-боломж” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Зөвлөгөөнд Хөдөө аж ахуйн их сургууль, Төв аймгийн 27 сум, нийслэлийн мал бүхий 6 дүүрэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын төлөөлөл оролцож байна.