Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх амралтын өдрүүдэд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийн барилга угсралтын ажилтай танилцлаа. АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд 80 МВт-ын гаралтын чадал, 200 MВт.цагийн багтаамжтай батерей хуримтлуурын системийг энэ онд багтаан ашиглалтад оруулах юм. Барилга угсралтын ажлыг БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd (ZTT) ба Zhongtian Energy Storage Technology Co,.Ltd (ZEST) компаниудын хамтарсан Консорциум гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажил 59 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт тоног төхөөрөмжийн 55 хувь нь төслийн талбарт буугаад байгаа юм.
Барилга угсралтын ажлын хувьд батарейны контейнер болон хувиргуурын төхөөрөмжийн суурийн ажил 79 хувь, дэд станцын удирдлагын байрны барилга 82 хувь, галын усны систем 70 хувь, Сонгино дэд станцын 110кВ-ын ИХБ-ын өргөтгөл 42 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Батарей хуримтлуурын байгууламж ашиглалтад орсноор оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадал нийлүүлж, өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрсдлийг бууруулах, системийн горим тохируулгад эерэг нөлөө үзүүлнэ.