"Боловсролын шинэ сэргэлт" чуулган өнөөдөр болж байна. Чуулганы үеэр багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах иргэдийн сургалтын төлбөрийг төр 100 хувь бүрэн даахаар болсныг зарлалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2030 он хүртэл багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцана. Түүнчлэн багш магистрт дотоодод суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна" гэдгийг илэрхийллээ.
Боловсролын багц хууль наймдугаар сарын 3-наас эхлэн хэрэгжиж байна. УИХ, Засгийн газраас боловсролын салбарын хөрөнгө оруулалтад анхаарч ажиллахын зэрэгцээ багшийг дэмжих бодлогын шинэчлэл хийгдэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх хөрөнгийг боловсролын салбарт зарцуулж байсан бол уул уурхайн орлогыг тус салбар руу чиглүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, намрын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж, тус сангаар дамжуулан боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хийх зохицуулалтыг оруулж өгөх юм байна.