Нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 129 946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384 676 сурагч суралцахаас 35 866 нь нэгдүгээр ангид элсэх юм. Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний шатны бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 142 798 хүүхдээс 104 762 хүүхэд буюу 73.3 хувь нь хүсэлт гаргаад байна. Одоогоор цэцэрлэгийн хуваарилалт хийгээд байгаа бөгөөд хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 11-22-нд болох төлөвтэй байгаа аж.
Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод он дамжин хэрэгжиж буй болон 2023 онд шинээр хэрэгжихээр баталсан 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25 цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр, нийт 164 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш нийслэлд таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулаад байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оныхоос 2910 ор, 4080 суудлаар нэмэгдээд байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх хүрээнд нийслэлд 83 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн, 9240 ороор нэмжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 22 барилгыг түрээсэлж, 13 815 суудал нэмснээр гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлээд байна. Тэрчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар" төслийн хүрээнд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилга байгууламжийг дулаалж байна. Мөн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд 288 автобус үйлчилгээн явна.