Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, эрчим хүч, цахилгааны эх үүсвэрийнхээ дийлэнхийг нүүрснээс хангадаг тул ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээгээр олон улсад дээгүүрт жагсдаг. Хатуу түлшний хэрэглээг халах, үгүй ядаж бууруулах, агаарын бохирдлыг багасгахын тулд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үлэмж хөрөнгө зарцуулсан ч үр дүнд хүрэлгүй өдий хүрлээ. Тэгвэл нүүрсний давхаргын метан хийгээрэрчим хүч, дулаан үйлдвэрлэх төдийгүй ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бий. Нүүрсний нөөц арвинтай бүсэд давхаргын метан хий ихээр үүсдэг бөгөөд нүүрсийголборлох явцад ямар нэгэн хэмжээгээр дэгдэн хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Нөгөөтээгүүр, түлш, эрчим хүчний үнэт түүхий эд үргүй хаягдаж буй юм.
Манай улсын нүүрсний таамаг нөөц 150, батлагдсан нь 32.6 тэрбум тонн гэсэн статистик бий. Ийм хэмжээний нөөцтэй учраас давхаргын метан хий арвин буюу урьдчилсан байдлаар 7.4 их наяд шоо метрийн нөөцтэй хэмээн тооцож буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн. Товчхондоо, метан хийг ашиглах аж үйлдвэрийг хөгжүүлбэл нүүрсний гүний уурхайд бол хийн дэлбэрэлтээс хамгаалахаас гадна үр ашиггүй агаарт үлдэх хийг мөнгө болгон, эрчим хүчний шинэ эх үүсвэр олж, агаарын бохирдлоос салж, хүн амын эрүүл амьдрах орчныг бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс уг хийг олборлох, ашиглах талаар Засгийн газраас анхаарч 2014 онд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртөө метан хийн аж үйлдвэрийг хөгжүүлэхээр тусгаснаас хойш бараг 10 жил өнгөрчээ.
2014 онд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нүүрсний давхаргын метан хийг эрэх, хайх, ашиглах эрх зүйн орчин бүрдүүлсэн байна. Уг хуульд хөрөнгө оруулагч нь Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуул хийх, төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ хийн, хайгуулыг эхлүүлэхээр тусгасан юм байна. Үүний үр дүнд өдгөө Өмнөговь аймагт “Жи өү эйч”, “Тэмүүжин металс”, Дундговьд “Тахь ресурс” зэрэг компани туршилтын олборлолт болон хайгуулын ажил эхлүүлжээ. Одоогоор дээрх компаниудын талбайн нөөцийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Өдгөө манай улсад метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр нийт дөрвөн компани үйл ажиллагаа явуулж, зургаан талбай ашиглаж буйг АМГТГ-аас мэдээллээ. “Жи өү эйч” компани нь зургаан жилийн өмнө үйл ажиллагаа явуулах эрхээ авсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зогсонги байсаар энэ онд л туршилтын олборлолтоо эхлүүлжээ.
Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал “Метан хий нь нэг талаас геологийн, нөгөө талаас биологийн урвалын бүтээгдэхүүн. Нүүрсний давхарга нь усанд ханасан байх бөгөөд ус нь гидростатик даралтын хүчээр метан хийг тогтоон барьж байдаг. Иймээс метан хийг нүүрснээс салгах энгийн арга нь усыг соруулж, даралтыг бууруулах юм. Олборлохын тулд олон арван метр хөрс хуулах шаардлагагүй, цооног өрөмдөөд соруулж авч болдог. Тиймээс манай орны хувьд агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах хамгийн боломжит шийдэл нь метан хийг ашиглах явдал юм. Хийн хэрэглээ, нөөцөөс шалтгаалж хоолойгоор, эсвэл шингэрүүлэн цистернд савлан хаашаа ч тээвэрлэн, түгээх боломжтой. Гол нь эрэл, хайгуул, туршилтын олборлолтыг саадгүй явуулж, үр дүнд хүрмээр байна. Ажил удааширсаар ирсний гол шалтгаан нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн компаниудын ажлыг хийлгэхгүй, үргэлж саад тотгор болдогтой холбоотой” хэмээн ярив.
Өдгөө Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговийн Гурвантэс сумд метан хийн хайгуул хийж буй компаниудын үйл ажиллагааг зогсоохыг шаардан, нутгийн иргэд эсэргүүцсэн хэвээр байна. Уг нь дээрх хоёр сумд ажилладаг компаниуд 2018, 2020 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ч ажил нь ер ахицгүй байсан нь орон нутгийнхантай үл ойлголцож буйтай холбоотой. Энэ тухай “Тахь ресурс” компанийн ажилтан “Иргэд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан байнга шахам эсэргүүцдэг. Гол нь байгаль орчин сүйтгэж, хөрс, ус бохирдуулж, улмаар цөлжилт үүсгэн, экологийн тэнцвэрийг алгадуулах нь хэмээн орон нутгийн шүүхийн байгууллага, БОАЖЯ-нд гомдол мэдүүлдэг. Мөн жагсаал цуглаан хийж, техник ашиглах боломжгүйд хүргэх нь бий. БОАЖЯ иргэдийн гомдлын дагуу манай компанийн байгаль орчны тайлан, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зэрэгт хяналт мониторинг хийж, дүгнэлт, шийдвэр гаргах зэргээр ажил зогсоодог. Хэдийгээр үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоогүй ч сүүлийн таван жилд бид удаа дараа цаг хугацаа алдсан. Уг нь метан хийг энгийн худаг ухахтай ижилхэн 20 см орчим голдочтой цооног өрөмдөөд соруулж авдаг. Ямар нэг химийн бодис хэрэглэдэггүй, ус бохирдуулахгүй. Хэрэв олборлох бол дэд станц барих ч тэр нь жижиг хэмжээтэй байж болдог. Олон улсад ийм л зарчмаар метан хийг байгальд ээлтэй технологиор ашигладаг” гэлээ.
Манай орны метан хийн нөөцийн дийлэнх нь Өмнөговь, Дундговь аймгийн нутагт бий. Гэтэл Өмнөговь аймгийн баруун гурван сум, Гашуунсухайтын боомт, Цагаан хад орчим болон уул уурхайн томоохон компаниуд урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Метан хийг олборлон бага, дунд оврын цахилгаан станц байгуулж эрчим хүч гарган авах, айлуудын нүүрсний хэрэглээг хийгээр солих бүрэн боломжтой. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын генераторыг өөрчилснөөр метан хий шатаах хялбар шийдлийг манай оронд нэвтрүүлж болохыг ч мэргэжилтнүүд хэлсэн. Метан хий хайх, олборлох өрөмдлөгийн зардал өндөр буюу нэг өрөм тавихад л хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулдаг учраас төсвийн хөрөнгийг зарцуулахаас илүүтэйгээр гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвшилцөн, хамтран ажиллах нь үр дүнтэйг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дурдсан юм.
Тус яамны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрсдийн эрдэс баялгаа гадаадын компанид үнэ төлбөргүй өгөх нь хэмээн ойлгож иргэд эсэргүүцэх нь элбэг. Гэтэл зарим ашигт малтмал эрж хайх, олборлох зардал өндөр, эрсдэл их учраас гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгодог. Газрын тос, метан хийн хайгуул, олборлолт маш өндөр өртөгтэй, хэдэн ч удаа өрөмдөөд илэрцгүй тохиолдол олон. Хэрэв ашигт малтмалын нөөц илрүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулбал ашгийг нь талууд гэрээнд заасны дагуу хувааж авна. Нөөц олдохгүй бол бүх зардлыг тухайн компани хариуцдаг. Ийм зарчмаар л метан хийн салбарт бид үйл ажиллагаа явуулж буй. Нөгөө талаас хайгуулын ажлын явцын геологи, геофизикийн мэдээллийг тодорхой хугацааны дараа Засгийн газар эзэмшдэг” гэв.
Бид эрчим хүчний салбартаа метан хийг ашиглахын тулд геологийн судалгаагаа эрчимжүүлж, нөөцийг нь тогтоон, нөөцдөө тулгуурлан дэд бүтцээ хэрхэхээ тооцох нь чухал. Шугам хоолой, агуулах барихын зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон нутгийн эсэргүүцлийг шийдвэрлэн, эрэл хайгуул хийх нөхцөл боломж бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал нь хөрснөөс 300 метрээс доош гүнд үүсдэг тул гүний бассейныг хаана гаргах болон суурь судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй аж. Мөн орон нутгийн иргэдийг зөв мэдээллээр хангах, нутгийнхны эсэргүүцлийг таслан зогсоох нь зүйтэй юм.
Хөрш БНХАУ-ын агаарын бохирдол аюулын харанга дэлдэн, олон улсын анхаарлын төвд байсан үе саяхан. Тус улс үүнд онцгойлон анхаарч 2018 оноос амжилтад хүрсээр өнгөрсөн жил гэхэд агаарын бохирдлоо дөрвөн жилийн өмнөхөөс 45 хувиар бууруулж чаджээ. Энэ нь нүүрс олборлохоос илүүтэй метан хийгээ ашиглахаар зорин, хийн хоолой барьж, хэрэгцээгээ хийгээр хангасантай холбоотой аж. БНХАУ-ын хий дамжуулах шугамын нийт урт нь одоогоор 70 000 км-ээс давсан бол газар доор долоон тэрбум шоо метр хий хадгалах байгууламжтай болжээ.